
Хөвсгөл аймгийн ИТХ-аас "Нэг мянгат нэг морь" аяныг эхлүүлэх тогтоолыг өнгөрөгч зургаадугаар сард гаргасны дагуу хилчдэд морь хандивлах аян өрнөж байна. Хөвсгөл аймгийн хувьд хойд талаараа 1020 км газар ОХУ-тай хиллэдэг бөгөөд байгаль цаг уурын хувьд хилчид мориор л эргүүлд гарахаас өөр аргагүй байдаг талаар албаныхан ярьж байгаа юм.
Энэ талаар аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар “Энэхүү асуудлыг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаж өгсөн байдаг бөгөөд үүнийг ИТХ-аар дэмжсэн байгаа. Манай аймгийн хувьд хилчдийн унаа тэр дундаа морьдын асуудал нэлээд хүнд байдаг. Хилчид манаанд гарахад машин, мотоциклиор явах боломжгүй зөвхөн морийг л унах боломжтой байдаг учраас хилийн ангиудын морьд амархан эцэж турдаг. Энэхүү асуудалд бага ч гэсэн гарцыг нээж өгөх үүднээс “Нэг мянгат нэг морь” аяныг хэрэгжүүлсэн. Эхний шат дараатай ажлууд хийгдэж байгаа бөгөөд одоогоор зүүн талын Эрдэнэбулганы цэргийн ангид цугласан морьдыг хүлээлгэн өгөөд байна. Хамгийн гол нь тухайн цэргийн ангитай ойр газруудаас морьдыг цуглуулж байгаа. Учир нь морь нутаг гүйх зэрэг асуудал гарахаас сэргийлсэн. Сумын мянгат малчдын хувьд энэхүү аяныг талархан хүлээн авсан. Зөвхөн мянгат малчид гэлтгүйгээр хувь хүн, компаниуд ч хандив тусламж өгч аянд нэгдэж байгаа” гэлээ.
Дашрамд дурдахад, Хөвсгөл аймгийн хувьд 3000 гаруй мянгат малчинтай ажээ.
Хилчдэд морь бэлэглэх аян эхэлжээ | ||
Үзсэн: 611 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.