Тавантолгойн хөрөнгө оруулалтын тогтоолын төслийг Засгийн газарт өргөн барих болсон талаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өнөөдөр мэдэгдсэн. Өнгөрөгч хаврын чуулганы үеэр Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор санал дүгнэлт өгөх ажлын хэсгийг байгуулж Л.Эрдэнэчимэг гишүүн ахалж ажилласан. Энэ асуудалтай холбоотойгоор УИХ-аас тогтоолын төсөл гаргах шаардлагатай байна гэдэг дүгнэлт гарган улмаар тогтоолын төслийг боловсруулж, нийт 40 гишүүн гарын үсэг зуржээ.
Тогтоолын төслөөр Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зорилгоор гадна, дотнын хөрөнгө оруулагчтай хамтран байгуулах компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани эзэмших нь зүйтэй гэсэн нэгдүгээр заалтыг оруулжээ. Мөн шинээр баригдах төмөр замын суурь бүтцийг барих ашиглах компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит “Монголын төмөр зам” компани эзэмших нь зүйтэй гэж оруулж өгсөн. “Эрдэнэс Тавантолгой” компанид 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг иргэдийн хувьцааг саналын эрхтэй байх ёстой гэж үзсэн байна.
Энэ тогтоолын төслийг батлагдсаны дараа Тавантолгойн орд газрыг ашиглах талаар Монгол Улс өөрсдөө 51 хувиа, төмөр замын 51 хувиа мөн эзэмшиж хөгжүүлэх ёстой. Засгийн газар дур мэдэн өмнө нь хийж байсан гэрээний нэгэн адил 98 хувийг нь гадаадын нэг улсад өгөхөөр гэрээг хийж болохгүй гэдгийг баталгаажуулж өгсөн гэдгийг Л.Эрдэнэчимэг гишүүн хэлсэн юм.
Тавантолгойн тогтоолын төсөлд УИХ-ын 40 гишүүн гарын үсэг зуржээ | ||
Үзсэн: 2593 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.