Хил хамгаалах ерөнхий газар, МҮОНРТ-ийн ММ агентлагийн хамтын бүтээл “Цэнхэр хаяа” түүхэн баримтат кино өнөөдөр нээлтээ хийлээ.
1938-1939 оны хооронд Монгол орны баруун хязгаарт өрнөсөн “500-гийн эсрэг 8-уулаа” хэмээх түүхэн явдлыг эрэн сурвалжилж бүтээсэн энэхүү кино нь ХХЕГ, МҮОНРТ-ийн ММ агентлагийн хамтран хэрэгжүүлсэн “Эрэл” төслийн хүрээнд бүтээгджээ. “Цэнхэр хаяа” түүхэн баримтат киноны продюссераар ММ агентлагийн захирал С.Батзаяа, ерөнхий редактороор Ц.Цэрэнжав, зураглаач, найруулагчаар Ч.Батгэрэл, графикч М.Очирхүү, зураачаар М.Чимэддорж нар ажилласан байна.
Харин төслийн санаачлагчаар ХХЕГ-ын тэргүүн дэд дарга Ч.Сэргэлэн, Я.Пүрэвдорж, С.Батзаяа нар ажилласан бол “500-гийн эсрэг 8-уулаа” хэмээн ард олны дунд домог болон яригдсаар байдаг түүхэн явдлын амьд гэрчээр тухайн үеийн морьт отрядын дарга Жүрмэдийн Сайнзаяа оролцон тоглосон аж.
Залуу хойч үедээ түүхэн хуудаснаа тодорхой тэмдэглэн үлдээгүй балран арилах дөхсөн түүхэн үнэнийг сануулан, эх орон, өвөг дээдсээрээ бахархах үлгэр дуурайл болгох зорилгоор бүтээгдсэн энэхүү киноны нээлтэд ХХЕГ-ын ажилтан, албан хаагчид хүрэлцэн ирсэн юм.
ММ агентлагийн захирал С.Батзаяа: Бид “Цэнхэр хаяа” түүхэн баримтат кино бүтээх нийгмийн шаардлагатай тулгарсан
![](/uploads/assets/image/tsenher haya 1.jpg)
МҮОНРТ-ийн ММ агентлаг нь цаг үеийн мэдээ мэдээллийг ард түмэндээ түргэн шуурхай, үнэн бодит хүргэх мэдээлэгчийн ариун үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг хамт олон. Харин энэ удаа ХХЕГ-тай хамтран “Эрэл” төслийн хүрээнд “Цэнхэр хаяа” нэртэй түүхэн баримтат кино бүтээлээ. Бид “Цэнхэр хаяа” түүхэн баримтат кино бүтээх нийгмийн шаардлагатай тулгарсан гэдгээ энд дурьдах хэрэгтэй. Учир нь өдөр тутмын мэдээлэл бэлтгэх явцад 1938 оны үед Монголын баруун хязгаарт өрнөсөн алдарт “Таван зуугийн эсрэг 8-уулаа” хэмээх түүхэн үйл явдал түүхийн хуудаснаа тодорхой баримт болгон үлдээх нийгмийн шаардлага байгааг анзаарсан. Манай ММ агентлаг түүхэн үйл явдлыг ард түмэндээ үргэлжид сануулан таниулж байх үүрэг, ХХЕГ-ын домог болон яригдсаар байгаа түүхэн явдлын амьд гэрч нь байх тэр л шугаман дээр уялдуулан “Цэнхэр хаяа” түүхэн баримтат киног бүтээлээ. Мөн энэхүү киноны анхны үзэгчид нь 80 жилийнхээ ойн баяртай золгож буй ХХЕГ-ын ажилтан, албан хаагчид байгаад туйлын их баяртай байна.
Түүхэн төлөөлөл, өндөр настан Жүрмэдийн Сайнзаяа: Тэр цаг үеийг үр хойчдоо эргүүлэн сануулж байгаадаа баяртай байна
![](/uploads/assets/image/эмээ.jpg)
Тэр үед эгч нь жаахан охин байлаа. Монголын баруун хязгаарын байдал хүндхэн байсан цаг үед аав минь цэргийн хүн байсан юм даг. Одоо эргээд санах нь ээ, байнга л буун дуу нүргэлж, айдас хүйдсийн дунд амьдардаг байлаа. Зарим шөнө ээж минь биднийг хөтлөөд хээр гадаа хонодог сон. Тийм л нэг өдөр аав минь яваад, эргэж ирээгүй /уйлав/. Тэр өдрийн дайн үнэхээр хүнд болсон юм билээ. Өдөр өнгөрөх тусам мартагдаж буй энэ л түүхэн үнэнийг өөрийн мэдэхээрээ үр хойчдоо ярьж байгаадаа үнэхээр баяртай байна. Миний хүүхдүүд, ач зээ нар энэ киног үзээд “Миний өвөө ийм л хүн байж дээ” хэмээн бахархах, омогших сэтгэл төрнө гэж бодох бүр киног санаачлан бүтээгчдэд талархаад баршгүй юм.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.