Шууд Chart

“Хэн ч та нарыг хадаг барьж угтахгүй, хулгайч ирлээ л гэж хэлнэ”

2015-11-07 14:26:52

Өршөөлийн хуулийн дагуу хорих ял эдэлж байгаа зарим иргэд энэ долоо хоногоос суллагдаж эхэлсэн. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн дагуу Эд хөрөнгө завших, Авлига авах, хууль бусаар хөрөнгөжих, албан тушаалын зэрэг хэргээр ял эдэлж байгаа 161 хүн өршөөлд хамрагдахгүй. Мөн эх орноосоо урвасан, тагнуул хийсэн, зэвсэгт үймээн дэгдээсэн, хорлон сүйтгэсэн, хүнийг санаатай хөнөөсөн, хүн худалдах, хар тамхитай холбоотой зэрэг онц аюултай хэрэг үйлдсэн 200 гаруй гэмт хэрэгтэн өршөөгдөхгүй юм.

Өршөөл үзүүлэх тухай хуулиар 1700 орчим ялтан суллагдаж байгаа бол 1300 орчим ялтны ял хоёр жилээр хасагдана. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 82 мянган иргэн өршөөлийн хуульд хамрагдсан. Мөн Хорихоос өөр төрлийн ялтай 1200 иргэнийг өршөөж байгаа бөгөөд нийтдээ энэ хууль 100 гаруй мянган хүнд үйлчилж байгаа юм. Түүнчлэн хуулийг хэрэгжүүлэхэд Засгийн газраас 130 сая төгрөг гаргасан бөгөөд суллагдсан иргэдийг орон нутагт нь хүргэж өгөх ажилд энэ мөнгийг зарцуулна.

Ийнхүү Өршөөлийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой суллагдаж буй иргэдийн нийгмийн асуудлыг хэрхэн шийдэх талаар яриа мөн гарсаар байгаа. Тухайлбал, Хөдөлмөрийн яам өршөөлөөр суллагдсан эдгээр иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр тэднийг сургалтад хамруулж эхэлнэ гэдгийг мэдэгдсэн. Түүнчлэн өршөөлөөр суллагдаж байгаа иргэд өөрсдөө мөн хичээж, ажил хөдөлмөн эрхлэн амьдрах ёстой гэдгийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав хэлсэн юм. Тодруулбал, тэрбээр ШШГЕГ-ын дэргэдэх хорих 401 дүгээр ангиас суллагдаж буй иргэдэд хандан “Та бүхнийг төрсөн аав ээж, ах эгч, хань ижил, үр хүүхдүүд чинь тэвэрч угтана. Тэрнээс бусад хүмүүс та нарыг хадаг бариад угтахгүй. Энэ бол нууц биш. Ажил төрөл хийхэд ч хэцүү болно. Хүмүүс “энэ нэг хулгайч ирлээ л” гэж хэлдэг. Та бүхнийг хөндлөнгөөс хүмүүсийн харж байгаа харц, хэлж байгаа үг, үнэлэмжийг тэвчиж давж гарах хэрэгтэй.  “Энэ нэг хулгайч хүрээд ирлээ” гэдэг үг өдөр болгон сонсогдож магадгүй, харин үүнд уурлаж бухимдахгүй, уурлахгүй тэвчээр зааж энэ хүн үнэхээр ажил хийж амьдрах гэж байгаа юм байна гэж тэр хамт олныг бодтол итгэлийг нь авсны дараа л хүмүүс та нарт итгэж эхэлнэ. Тэр үед та нарыг хүмүүс муугаар хэлэхээ болино” гэсэн юм.

Нийтэлсэн: О.Энхмаа

“Хэн ч та нарыг хадаг барьж угтахгүй, хулгайч ирлээ л гэж хэлнэ”  
Үзсэн: 846 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй