Шууд Chart

Хүй цөглөсөн "Хүйсийн говь"

2015-11-07 15:50:38

Нутгийн зүг чих тавилаа. Тээглэх чулуугүй цэлгэр говьд хөлд орж, хорвоотой танилцсан юмсан. Өдийд ч миний говь сайхан даа. Тэнд миний бүх юм бий. Шар дурдан эмжээрт уулсаар хөвөөлсөн хээр талаас шанх дэл нь хийсэх хээр морьтой хөвүүн зүг чиггүй давхин одох шиг. Эсвэл... Салхи сэвэлзэж, ногоо гандаад... хаашаа ч харсан зэлүүд цэлэлзээд тийм нэг эмзэг, уянгын сэрэл эзэмдэнэ. Нэг зунжин тоглож, учиргүй дассан жаахан түүнийх ачиж хөсөглөөд нүүхүй... Алсрах нүүдлийн цувааг юу юугүй усан галав хөвүүлэн одох шиг хачин хуурмаг зэрэглээ татаад.., Үдэш болж алс хол ширтэхэд түмэн од газарт хотолсон шиг үзэгдээд... Зүүд мэт балчир насны минь ой санамжаар дүүрэн, тийм нэг гунигт хийгээд хүсэмжит цаг хугацаа руу эргэн очих юмсан.

Элс урсаж л байг
Эрэг нурж л байг
Зэгс хийс ч л байг
Зээрэн тоос босч л байг...
Эрх чөлөө...
гэж өөрийн эрхгүй шүлэглэмээр, өмөөрмөөр говь шүү. Энд би бүү хэл эрт урьдын цагт үлгэр бүрэлдэж байсан бизээ. Хүйсийн говийг говь биш байхад хүн зон усанд шумбаж  явсан ч юм билүү. Эл нэр төрөхөөс ч өмнө эцэг өвгөд минь нүүж л явсан. Өссөн хүнд нь муухай нутаг гэж үгүй. Тиймдээ ч би ширэнгэн ой, тэнгис далайгаас илүүтэй сэтгэлд ойрхон говио илүү их санадаг юм.

Их говийнхоо тухай түүх домог, сурвалж бичгүүдээс бишгүй л дууллаа. Магадгүй, Уй гашуут домгийн улбаатай цугаар өвс хүрэнттэл цаазлуулсан тэр нэгэн айлийн “хүй” үлдсэн нутаг учраас тэр үү. Хүйсийн говь минь цаанаа л нэг гүн утгын сэжүүртэй дээ. Халх домгоос сэдэвлэн бичсэн их зохиолч Б. Ринчений "Нууцыг задруулсан захиа" хэмээх алдарт үгүүллэг санагдаж байна. Энэ зохиол бол Хүйсийн говь хэмээн нэрийдсэний учир, тэнд болсон түүхэн үйл явдлын дэлгэрэнгүй тайлбар толь мөн.

Бас "Нууцыг задруулсан захиа"-д гарах Шуну баатар нь баруун хязгаарын Баяд, Урианхай, Өөлд, Захчин, Торгууд зэрэг ястны уртын дуу "Нарийн говийн зээрд" /Халх хувилбар нь хүн зоны сайн мэдэх “Нарийн сайхан хээр” МАУД буюу Хөхнуур, Алшаа, Шинжаан, Халимагийн монголчуудын дунд ч тархсан./ гэх дууны бадагт мөнхүү өгүүлэгдэх нь ихээхэн сонирхол татна. “Хүйсийн говь”-ийн гурван домог бий ч ахуй цаг, үйл явдлын хувьд онцын өөр ялгаагүй байдаг нь бас л сонин. Ингээд бодохоор эрт цагт энэ говьд “ямар нэг юм болжээ” гэдэгт улам бүр итгэнэм.

“Говьд өсөөгүй бол чи бусдын сэтгэлийг бага ойлгоно” гэж нэг ийм үг хаанаас ч гараад ирсэн юм дээ. Магадгүй...

"...Эрэвгэр баахан хээр нь
Эмээл дороо хөлстэй
Эмгэн буурал ээж минь
Нүдэн дороо нулимстай...

...Товхгор баахан хээр нь
Тохмон дороо хөлстэй
Торомгор бяцхан дүүтэйгээ
Одоо нэг золгоном бий...

...Хоёр хадны хооронд
Халгай юунд ургаа вэ
Хоёр хүний хооронд
Хов юунд хэлэв ээ..." гэж дуулдаг хүн зоны сэтгэл, нараар ундаалсан мэт халуун бас уян байхаас яах вэ дээ. Шуну баатарын тухай өгүүлэх энэ дууг дуулахаар хүн ард гунигтай болж, тэр хэмжээгээр өрөвдөн хайрлаж, бас баатар зоригий нь үнэлдэг амой. Олон ястан угсаатан бүгд энэ дууг өөр өөрийнхөөрөө дуулсныг үзвэл Хүйсийн говийн домгоос дуу хийгээд дахиад л домог сэрнэм.

Хүйсийн говь бол Монголын 33 алдарт говиос хэмжээгээр хоёрт ордог их тал хээр газар. Зүүн талаараа Монголын их элсээр хөвөөлүүлж, хойд зүг нь Дөргөн нуур хүрнэ. Баруун талаараа их салбар уулсын Дарвийн нурууны бэлд очиж, өмнө зүг тийш  Шаргын талтай нийлнэ. Ёстой нэг дунд нь сүмбэр уул ургасан ч бараа нь үл харагдам тийм уудам нутаг даа.

Энэхэн замбуулийнгийн наран дор Хүйсийн говь минь буй. Тэрхэн нутгийн хөрс шороонд хүй дарсан чулуу минь бий дээ. Домгийн хөх морь нь бодол дундуур янцгаах чинь нутагаа зорихыг сануулна уу. Хөхморьтдоо очьё. Хүйсийн говьдоо хүрье. Эх орныхоо эх орон руу адуу мэт тэмүүлнэм. 

2015 оны 11 дүгээр сарын 04

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Хүй цөглөсөн "Хүйсийн говь"  
Үзсэн: 11164 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ганбаа [127.0.0.xxx] 2019-12-09 19:49
Хүйсийн говь арай л өөр домогтой доо.. анх Хотгорын говь гэдэг нэртэй байсан гэдэг...
лхамноржин [127.0.0.xxx] 2019-12-02 18:37
гоё бна үнэхээр таалагдлаа
Д. Чойжинсүрэн [202.21.106.xxx] 2017-04-20 03:27
Зуун дамжсан нутагаа өртөө өртөөгөөр нь нүүдэллэж Зуравсхан жаахан амиа эх орныхоо төлөө золидог Зориглон босох ган тулганы тотгонд Зогсоогоороо нөхчдөг талын хөх эрчүүдээ гэж эх говийнхоо эрчүүдэд ээ зориулан бичив.
Зочин [49.0.161.xxx] 2016-12-10 17:33
huisiin goviin talaarh medeelel oor baihgui yu setgegdlee l bichchihsen baih yum todorhoi MEDEELEL bayrlaa
Батбаяр [183.81.171.xxx] 2016-09-12 08:53
Шинэ 7 хоногийн өглөөг нутгийнхаа тухай сайхан нийтлэлээр эхлүүллээ. Баярлалаа. Амжилт хүсье
124.158.90.xxx [124.158.90.xxx] 2015-11-18 11:45
Nvdend haragdaj, setgeld honogshihoor shan bichjee. Mash ih taalagdlaa. tand amjilt hvsii.
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-11-09 16:22
Хүйсийн говь бол Монголын их говиудаас хамгийн түүх домог арвинтай нутаг билээ
203.194.113.xxx [203.194.113.xxx] 2015-11-09 15:19
сайн л бичжээ. гэвч бусадыг дуурайсан ххиймэл үнэр үнэртээд байх юм. газар нутгаа сайн мэддэггүй юм байна. шаргын тал гэж байдаггүй юм. харин алдарт шаргын уудам говь гэж бий. хүйсийн уудам говь гэж одоогоор хэнч бичээгүй байгаа. шаргын уудам говь гэж дуу шүлэг энгийн яриа бүгдэд байгаа шүү. үүнд ялгаа байна уу. байнаа.
203.194.113.xxx [203.194.113.xxx] 2015-11-09 15:19
сайн л бичжээ. гэвч бусадыг дуурайсан ххиймэл үнэр үнэртээд байх юм. газар нутгаа сайн мэддэггүй юм байна. шаргын тал гэж байдаггүй юм. харин алдарт шаргын уудам говь гэж бий. хүйсийн уудам говь гэж одоогоор хэнч бичээгүй байгаа. шаргын уудам говь гэж дуу шүлэг энгийн яриа бүгдэд байгаа шүү. үүнд ялгаа байна уу. байнаа.
202.131.225.xxx [202.131.225.xxx] 2015-11-09 13:41
гоё бичсэн байна, ийм домогтойг нь сая мэдлээ. Урьдын домог түүхээс илүү их оруулаарай.
202.21.119.xxx [202.21.119.xxx] 2015-11-09 12:09
яг л хүйсийн говьд очсон юм шиг санагдлаа.
119.40.98.xxx [119.40.98.xxx] 2015-11-09 12:07
Маш сайхан бичжээ. Төрсөн нутгаа гэх сэтгэлээс эх оронч сэтгэлгээ эхэлнэ
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-11-09 11:15
Энэ хүү Баян-Уулынх уу, Хөх морьтынх уу, Ер нь сайхан бичсэн байна. Алдарт Хүйсийн говийн домог мөнх оршиг,,, Таана хүмүүлийн үнэр нь сэнхийсэн сайхан зураг бас оруулж ээ, баярлалаа, Амжилт хүсье дээ,,,
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-11-09 09:53
илүү дутуугүй аятайхан бичсэн байна
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2015-11-08 20:51
Найз сайхан бичжээ.Нүдэнд харагдтал өгүүлж. амжилт андаа.Бямбаа
180.149.78.xxx [180.149.78.xxx] 2015-11-08 00:46
Saihan bichjee ajil hudulmurd ni amjilt hvsie
103.57.95.xxx [103.57.95.xxx] 2015-11-07 20:33
Сайхан нутаг минь. Баярлалаа
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-11-07 16:55
Нутгийн дүүд баярлалаа...
103.10.21.xxx [103.10.21.xxx] 2015-11-07 16:38
WOW uneheer saihn boljee ystoi l husiin Gowidooo ochmoor sanagdchlaa iluu ih amjilt husie

Бидэнтэй нэгдээрэй