Шууд Chart

Д.Нямаа: Уран зохиол гэдэг хүмүүнийг сэтгэлийн гэгээрэлд урихуй юм

2015-11-07 16:39:01

Манай уран зохиолд “Цог”, “Утга зохиол урлаг” гэхчлэн олон уран зохиолын цомирлог бий. Харин сүүлийн үед “Улирал ба зохиолч” цоморлиг тогтмол гарах болсон. Энэ талаар тус сэтгүүлийн ерөнхий эрхлэгч СГЗ, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч  Данзангийн Нямаатай  ярилцлаа.


-“Наран эрчист шившлэгүүд” номыг  тань  хааяа сөхөж харах дуртай. Сая дахин хэвлэгдсэн гэсэн.Тэнд...
         Сарны бүлээн гэрэлд
         Лянхуа инээмсэрмүй,
         Сайн үйлийн үрд л
         Ерөөл дэлгэрмүй... гэсэн  байдаг.  Бас таны “Улирал ба Зохиолч” уран зохиолын цоморлиг байнга гарах болсон...?

-2012 онд Монгол  төрөөсөө  “Соёлын гавъяат зүтгэлтэн” гэдэг  алдар цол хүртсэн. Хүн ч тэгээд урмаар ургадаг  ургамал юм хойно, нэр алдартаа дүйцэхүйц  юм хийхсэн, бүтээхсэн гээд л ургаж эхлэв шүү. Нэг мөчир нь энэ “Улирал ба Зохиолч” сэтгүүл юм. Жилд дөрвөн удаа  улирал тутамд гардаг уран зохиолын л сэтгүүл л дээ.  Тууж, найраглал, шүлэг, өгүүллэг, зохиол төрсөн түүх, аян замын тэмдэглэл, дэлхийн сонгодог  зохиолчидтой хийсэн ярилцлага, хөрөг, найруулал, эсээ, тэмдэглэл,  эх бичвэр, захидал, шүүмж судлал, Монгол туургатны яруу найраг, хүүхдийн уран зохиол,  наргиа хошигнол  гээд утга зохиолын бүхий л төрөл жанрт  энэ сэтгүүл өөрийн хуудсаа зориулдаг.

-Сэтгүүлийн чинь  “Хөөрөлдөөн” булан ихэд таалагдсан шүү.

-Габриел Маркес, Жан Пол Сарт, Пабло Неруда, Исоф Бродский,Владимир Набаков,   Милорид Павичийн нарын ямар ч он цагт уншсан  хуучрахгүй  ярилцлагуудыг  авьяаслаг залуу орчуулагч, яруу найрагч Г.Лхагвадулам амт шимттэй орчуулсан даа.

Монголын эртний  сонгодог уран зохиол “Монголын нууц товчоо”, “Гэсэр”, “Жангар”  100 орчим жилийн өмнө 1916 онд Их Хүрээнд анх хэвлэгдэж олны хүртээл болсон  “Чингисийн хоёр эр загалын тууж оршибай”,  гээд л  эрдэмтэдийн бичсэн судалбар эсээ, тайлбарууд ч бий шүү дээ.

Бас их сонирхол татдаг зүйлүүд бол зохиолчдын бие биендээ бичсэн захидлууд байдаг.

-Анхны дугаарт гэхэд О.Дашбалбар найрагчийн  захиа байсан...

-Ерөөс уран зохиол гэдэг хүмүүний ертөнцийг сэтгэлийн гэгээрэлд  урихуй юм. Сэтгэлийн гэгээрлээр  л  хөгжил дэвшилд хүрнэ, байгаль дэлхийгээ хайрлах үзлээр  тарнилагдана, хүн  чанарын мөн чанараа танина шүү дээ. Сэтгэлийн гэгээрэлд  уран зохиол уншиж л хүрнэ  шүү дээ. Өөр гаргалгаагүй байхгүй.  Бид энэ зүгт зам мөр гаргахаар ихэд хичээж явна.

Сая бас сэтгүүлийнхээ өвлийн дугаарыг эмхтгээд их л завгүй явна даа. Ирээдүйгээ өөдрөгөөр харж байгаа, уран зохиол гэдэг ертөнц  хэзээ ямагт  байсан, байна чиг, байсаар ч байх болно.  Хүн зон олон уншиж, уншингаа гэгээрч, гэгээрэнгээ  өөрийгээ болоод эх орон, ертөнц дэлхийг хайрлах болно. Хүн бүр нь гэгээрч ариуссан  тийм л эх орон хөгжил дэвшлийнхээ  дээдэд хүрнэ. Уран зохиолын шид хутаг гэдэг энэ шүү дээ.

- “Улирал ба Зохиолч” сэтгүүлийн  шилдэг бичлэгийн анхны шагналтнууд тодорсон гэж сонсогдсон...

-Тэгсэн, 2014 оны шагналтнууд аль эртэд тодорсон шүү дээ, “Аргагүй амраг” тууж бичсэн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт зохиолч  С.Пүрэв, “Хилийн овооны нууц”  адал сэдэл найраглал туурвисан  Ардын уран зохиолч, Д.Нацагдоржийн болон Б.Ренчингийн шагналт,  Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Т.Галсан, дэлхийн сонгодог зохиолчдын үе үеийн ярилцлагуудыг амт шимттэй, аялгуу найрсалтай дуун хөрвүүлсэн  авьаяслаг залуу орчуулагч, яруу найрагч Г.Лхагвадулам нарт олгосон...

-Уншигчидаа хандаж юу хэлмээр байна?

- Чи сая,  “Наран эрчист шившлэгүүд”-ээс  нэгийг хэллээ, би бас нэгийг хэлье .
         Хорвоогийн  агшин бүрийг
         Утга учиртай болго
         Хоосон энэ орчлонд
         Амьд  арал  /амьдрал/  үүсгэ.

-Ерөөл оршиг ээ.

 -Бас нэг ерөөл хэлэхээ мартах шахлаа, Оюунлаг уншигч та бүхэнтэйгээ сэтгүүлийнхээ шаргал хуудаснаа уулзья. Номын цагаан буян дэлгэрэг.

Баярлалаа.  

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Д.Нямаа: Уран зохиол гэдэг хүмүүнийг сэтгэлийн гэгээрэлд урихуй юм  
Үзсэн: 1269 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй