УИХ дахь бие даагч гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар өнөөдөр мэдээлэл хийж Хятадын Экспорт, Импорт банкнаас авах нэг тэрбум ам.долларын зээлийг дэмжихгүй байгаа гэдгээ мэдэгдлээ.
Өнгөрсөн долоо хоногт холбогдох байнгын хороодын хуралдаанаар уг нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг хэлэлцэн дэмжсэн. Түүнчлэн УИХ дахь АН-ын бүлэг энэ талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсож энэхүү зээлийг авахыг дэмжиж байна гэдгээ мэдэгдсэн.
Хятадын Экспорт, Импорт банкнаас авах нэг тэрбум ам.долларын зээлийн 800 орчим сая ам.долларыг нь Эгийн голын усан цахилгаан станц барих төсөлд зарцуулна. Бие даагч гишүүд ингэж томоохон хөрөнгө оруулалт хийж Эгийн голын усан цахилгаан станцын ажлыг түргэтгэж байгаа нь Монгол Улсад ашигтай. ОХУ-аас эрчим хүчний хараат байдал арилах сайн талтай хэдий ч хэтэрхий их зардалтай гэж байна. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Одоо яригдаж байгаагаар бол Эгийн голын усан цахилгаан станц 315мВт-ын хүчин чадалтай. Хүчин чадал нь өссөн байгаа нь сайн хэрэг. Гэхдээ ийм хэмжээний цахилгаан станцад 800 орчим сая ам.доллар зарцуулна гэдэг бол арай өрөөсгөл. Тодруулбал, 1мВт нь 2.6 сая ам.доллар болно. Тэгэхээр энэ харьцангуй өндөр үнэ дээр анхаарал хандуулах ёстой” гэсэн юм. Түүнчлэн бие даагч гишүүд хэдийгээр энэ ажилд тендер шалгаруулах ч үнэ нь нэг их буулгүйгээр Хятадын компани авах нь тодорхой гэж бодож буй юм байна.
Үүнээс гадна бие даагч гишүүд энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, гишүүд Төрөөс хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаар гаргах хууль болон Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг дэмжиж байгаа аж.
Харин Хамтын тэтгэврийн тухай хуулийг сайтар нягталж олон улсын туршлага зэргийг харгалзах хэрэгтэй гэж үзжээ. Учир нь зарим улсад ийм төрлийн хууль гарахаар хөрөнгө мөнгө ихтэй хөгшин хүмүүстэй гэрлэх гэх мэт сөрөг асуудал олон гардаг гэдгийг хэлсэн.
Бие даагч гишүүд өнгөрсөн долоо хоногт Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалыг огцруулах асуудлыг дахин сөхнө гэдгээ мэдэгдэж байсан. Өнөөдөр ч мөн тэд энэ асуудлыг дахин ярьсан бөгөөд төв банк бодлогоо буруу явуулж байгаагийн уршгаар өнөөдөр мөнгөний бодлого буруу батлагдахад хүрсэн гэж байгаа аж. Тодруулбал, мөнгөний бодлогод валютын ханшийг хэн хариуцаж, ямар түвшинд байх нь тодорхой биш. Хрин валютын ханшийг “хар гар” удирдахаар, бүрхэг орхигдуулсан байна гэдгийг дахин хэллээ.
Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт болон Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн төслүүдийг сайтар нягталж үзэх шаардлагатай гэж үзсэн гэдгээ бие даагч гишүүд хэлсэн. Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийг төдийлөн дэмжихгүй байгаа бөгөөд сонгуулиар гарч ирсэн нам бүр өөрсдийн эрх ашигт нийцүүлэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулдаг буруу жишиг тогтохоос эмээж байгаа ажээ.
Эгийн голын цахилгаан станцад 800 сая доллар зарцуулах нь хэтэрхий өндөр үнэ гэв | ||
Үзсэн: 639 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.