Өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах болон үүнтэй холбогдсон Ард нийтээс санал асуулга явуулах хуулийн төслүүд өнөөдөр УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийн хуралдааны гол сэдэв болж байна.
Тухайлбал, УИХ дахь МАН-ын бүлэг Ард нийтийн санал асуулга явуулахыг төдийлөн дэмжихгүй байгаа аж. Энэ талаар тус бүлгийн дарга С.Бямбацогт “Ард нийтийн санал асуулга явуулж холбогдох хуулийг өөрчилнө. Үүнийхээ дараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж эрх баригчид ярьж байгаа. Сонгууль болохоос зургаан сарын өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэж хуульд заасан байдаг. Тэгэхээр энэ оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэсэн үг. Харин 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 40 гаруй хоногийн хугацаа байна. Энэ хугацаанд бүхэл бүтэн дөрвөн хуулийг өөрчилж амжих уу гэдэг нь эргэлзээтэй. Ард нийтийн санал асуулгын хуулиа өөрчилж байтал жинхэнэ санал асуулга явуулах товыг гаргана. Энэ нь хэзээ болох вэ. Ард нийтийн санал асуулгад шаардагдах таван тэрбум төгрөгийг хаанаас гаргах вэ. Өвлийн хүйтэнд санал асуулга явуулах нь хэр зохимжтой вэ гэх мэт олон асуулт байна. Богино хугацаанд явуулбал Үндсэн хуульд ямар шаардлагаар өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байгаа юм. Үндсэн хуулийн өөрчлөлттэй танилцах хугацаа байна уу. Энэ мэт асуудал байгаа учраас Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах, Ард нийтийн санал асуулга явуулахыг МАН-ын бүлэг дэмжихгүй байгаа” гэлээ. Мөн Ард нийтийн санал асуулгыг сонгуулийн санал тоолох хар машинаар явуулахыг дэмжихгүй гэсэн юм.
Үүнээс гадна МАН-ын бүлэг Халх голд чөлөөт бүс байгуулах 75-р тогтоолыг хүчингүй болгохыг дэмжиж байгаа ажээ. Энэ талаар тус бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр “Уг асуудлыг МАН-ын бүлэг хэлэлцээд хоёр саналыг гаргалаа. Нэгдүгээрт, Халх голд чөлөөт бүс байгуулах 75-р тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэдэг саналд нэгдсэн. Хоёрдугаарт, Дорнод аймагт Хүнс, хөдөө аж, ахуйн салбараа дэмжих нь зүйтэй. Гэхдээ Чөлөөт бүсийн тухай хуулиар биш илүү боловсронгуй төсөл хөтөлбөрөөр явуулах ёстой гэж шийдвэрлэсэн” гэв.
С.Бямбацогт: Ард нийтийн санал асуулга явуулах 5 тэрбум төгрөгийг хаанаас гаргах вэ | ||
Үзсэн: 599 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.