Шууд Chart

Г.Мэнд-Ооёог “Чингис хаан” одонгоор шагналаа

2015-11-12 13:01:13

Их эзэн Чингис хааны мэндэлсний буюу Монгол бахархлын өдөр өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан дөнгөж сая Төрийн ордонд зохиолч, яруу найрагч, соён гэгээрүүлэгч Г.Мэнд-Ооёог Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор шагнаж урамшууллаа. “Чингис хаан” одонг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулж, хүндэтгэл илэрхийлсэн юм. Ерөнхийлөгчийн хүндэтгэлийн индэр дээрээс хэлсэн үгийг сонсоно уу.

Г.Мэнд-Ооёогийн хүндэтгэлийн индэр дээрээс хэлсэн үгийг эндээс сонсоно уу.


Гомбожавын Мэнд-Ооёо одоогоос 40 жилийн өмнө утга зохиол, урлаг соёлын ертөнцөд хөл тавьж, яруу найраг, хүүрнэл зохиол, танин мэдэхүйн 50 шахам ном, зохиол бичиж, ард олондоо өргөн барьжээ. Г.Мэнд-Ооёо “Гэгээнтэн”, “Шилийн богд” роман, “Алтан Овоо” шастир, “Тэнгэрийн хаяанаас нүүдэлчин айсуй”, “Гэрэлтэх агшин бүр”, “Он цагийн хүрд”, “Хуучин сүмийн дээгүүр саран мандах цаг дор”, “Чам руу би явж байна”, “Утгын болор сүм” зэрэг яруу найраг, хүүрнэл зохиолын бүтээлээрээ хүмүүний оршихуйн гэгээн тунгалагийг илэрхийлэн, утга төгөлдөр, уян зөөлөн ертөнцийг уншигч олноо нээж, үндэсний утга зохиолын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан төдийгүй дэлхийн яруу найргийн сан хөмрөгийг монгол уран сэтгэмж, намуун зөөлөн ай, гүн ухаанаар баяжуулан эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн эрхэм болно. Түүний бүтээлүүд англи, орос, хятад, франц, герман, грек, япон, хинди, мажар, бенгал, тамил, солонгос зэрэг 50 гаруй хэлээр орчуулагдан олон орны уншигчдын хүртээл болжээ.

Тэрээр 1990-1996 онд тусгаар тогтнол, ард түмний билгийн мэлмийг нээгдүүлэх, үндэсний өв соёлоо сэргээн мандуулахын бэлгэдэл болох ”Мэгжид Жанрайсиг” хөтөлбөрийг санаачилж, бүтээн залах үйлсийг удирдагчдын нэг байв. Түүний санаачлагаар Монгол орны өргөн уудам нутагт тархан оршсон түүх, соёлын дурсгалыг судлан сурталчлах, сэргээн хамгаалах чиглэл бүхий “Монгол сувдан сондор” соёл, эрдэм шинжилгээний аяллыг 11 удаа зохион байгуулж, олон мянган км замыг туулан эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өрнүүлж, соёл, эрдэм шинжилгээний үлэмж сан, хөмрөгийг бүрдүүлэн Монголын түүх, соёл, эрдэм шинжилгээний ач холбогдол бүхий хүн чулуун дурсгал, хадны зураг зэрэг олон шинэ дурсгалыг илрүүлэн мэдээллийн сан хөмрөгийг баяжуулан бүрдүүлсэн билээ.

Г.Мэнд-Ооёо дэлхийн томоохон их сургуулиуд болох АНУ-ын Стэнфорд, Калифорниа Берклей, Японы Киорицу, Унгарын Будапештийн их сургууль, Италийн Умбриа зэрэг олон сургуульд Монголын өв соёл, язгуур мэдлэг ухааны лекц илтгэлүүдийг уншин сонордуулсан байна. Мөн олон улсын яруу найргийн “Пен” клубын шагналтан билээ. Тэрээр Дэлхийн Урлаг соёлын академийн “Гарамгай яруу найраг бүтээсний төлөө” хэмээх эрхэм хүндтэй шагналыг 2005 онд хүртсэн байна. Мөн Энэтхэгийн Олон улсын яруу найргийн Академийн шагнал, Солонгосын Ханчон Соёлын Академийн дээд шагнал, Грекийн Зохиолчдын олон улсын нийгэмлэгийн шагнал болоод Дэлхийн Энх тайвны утга зохиолын Алтан медаль тус тус хүртжээ.

2009 онд Унгарын Будапешт хотноо явагдсан дэлхийн яруу найргийн наадамд оролцож хамгийн дээд шагнал болох ПОЭТ ЛАУРЕАТЕ /Poet Laureate/ цол хүртэж, Алтан титмийн эзэн болж байсан. Мөн 2014 онд болсон Дэлхийн Яруу найргийн их наадмаас Тэргүүн шагналыг хүртсэн байна.

Г.Мэнд-Ооёогийн Монголын түүх, соёлын өвийг хамгаалах, сэргээх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, 1996 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнасан. Тэрээр Монголын болон дэлхийн утга зохиолын ертөнцөд гарамгай зохиолч, яруу найрагч гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдөж хүндэтгэл хүлээсэн нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн юм.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Г.Мэнд-Ооёог “Чингис хаан” одонгоор шагналаа  
Үзсэн: 809 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй