
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өнөөдөр компанийн удирдлагуудаа эсэргүүцэж өөрийгөө шатаахыг завдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэрбээр компанийнхаа 203 ажилтныг өөр компани руу шилжүүлэх асуудлыг эсэргүүцэж буй гэдгээ мэдэгдэж байсан юм.
Ийм асуудал үүссэний дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх удирдлагууд, бусад холбогдох албаны хүмүүсийг яаралтай дуудан уулзжээ. Энэ үеэр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өөрийгөө шатаахыг завдсан иргэн С.Эрдэнийн биеийн байдалд онцгой анхаарч, шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийж, ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг гүйцэтгэгч Ц.Оюунбаатарт даалгасан байна. Мөн С.Эрдэнийн эмчилгээний зардлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 100 хувь гаргуулахаар болжээ. Энэ талаар дөнгөж сая Уул уурхайн сайд Р.Жигжид болон Ерөнхий сайдын хэвлэлийн зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийсэн юм. Р.Жигжид сайдын хэлснээр "Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх удирдлагыг чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Түүнчлэн “Эрдэнэс Монгол" ХК-ийн хууль эрх зүйн асуудал хариуцсан захирал Т.Билэгийг компанийн гүйцэтгэх удирдлагыг түр орлон гүйцэтгэх чиглэл өгчээ.
Мэдээллийн үеэр Уул уурхайн сайд Р.Жигжид “Компанийн хувьд өнгөрсөн оноос эхлэн зардлаа бууруулах чиглэлд тодорхой ажил, арга хэмжээ авч ирсэн. Энэ хүрээнд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж, Зүүн Цанхи дээр ажиллаж байсан ажилчдыг Хятадын компанид шилжүүлэх шийдвэр гаргасан байгаа. Үүнтэй холбоотойгоор ажилтнууд эсэргүүцлээ зарласан. “Эрдэнэс Тавантолгой” компани гурван ч үйлдвэрчний эвлэлтэй. Эдгээр үйлдвэрчний эвлэлүүд саналаа нэгтгээд компанийнхаа удирдлагуудтай зөвшилцөлд хүрч байсан гэж ойлгож байсан. Гэвч харамсалтай нь өнөөдөр ийм үйл явдал боллоо” гэсэн юм.
Нэмж мэдээлэхэд, С.Эрдэнэ 1, 2, 3-р зэргийн түлэгдэлттэй, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж эхэлжээ.
Ерөнхий сайд “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагуудыг чөлөөлөх шийдвэр гаргажээ | ||
Үзсэн: 964 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.