Марокко улсын Касабланка хотноо 11 сарын 13-наас 15-нд самбо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Энэ удаагийн ДАШТ-д 82 орны тамирчин оролцсоноос манай зургаан тамирчин багш, дасгалжуулагчийн хамт оролцож, нэг хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 64 кг-д Т.Баттөгс ДАШТ-ий медалийн тавцанд зогсож, ДАШТ-ий долоо дахь медалиа зүүсэн юм.
Эмэгтэйчүүдийн 64 кг-д 13 орны аварга барилдсанаас ОУХМ Т.Баттөгс эхний тойргуудад Францын Сара Локо, Мексикийн Андреа Гиллен нарыг цэвэр ялж, зооны аваргын төлөө тулаанд Беларусийн Т.Мацкод торгуулийн 0:1 оноогоор хожигдов.
Улмаар 34 настай бөх маань хүрэл медалийн төлөө барилдаанд Молдавын бөхийг 1:0 оноогоор ялсан юм. Энэ нь түүний ДАШТ-ээс авч буй дөрөв дэх хүрэл медаль юм. Тэрбээр сүүлийн гурван жил дараалан 64 кг-д хүрэл медаль зүүж байна. Мөн 2005 онд алт, 2002, 2012 онд мөнгөн медаль хүртэж байсан.
Тэрбээр эдгээр медалийг 56 кг, 60 кг, 64 кг гэсэн гурван өөр жинд 14 жилийн туршид хүртсэн нь Т.Баттөгсийн хэр чансаатай тамирчин болохын нэгэн нотолгоо билээ. Тэрбээр медаль хүртсэнийхээ дараагаар “Самбо бөхийн спортдоо их дуртай болохоор барилдсаар явна. Медалийн буухиаг таслахгүйг хичээлээ” гэжээ.
Т.Баттөгс дэлхийн аваргын долоо дахь медалиа зүүв | ||
Үзсэн: 1997 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.