УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийсний дараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ өдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч зарим асуудлыг хойшлуулжээ. Тухайлбал, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийг өнөөдөр хэлэлцэх ёстой байсан ч салбарын сайд байхгүй, төрийн нарийн нь ирсэнгүй. Уламжлал ёсоор УИХ-ын дарга болон Ерөнхий сайдын мэдээллийг сонссон гэдгийг бүлгийн дарга Б.Гарамгайбаатар хэллээ.
Харин бүлгийн дэд дарга С.Одонтуяа, “Үндсэн хуулийн өөрчлөлтөөр зөвхөн Ардчилсан нам саналаа хайрцаглаад, хүч түрээд асуудлыг шийднэ гэсэн зүйл байхгүй. Тус хуулийн өөрчлөлт дөрөвний гурваар батлагддаг. Тиймээс парламентад суудалтай болон суудалгүй намууд хэлэлцүүлэг, зөвшилцөлд оролцох ёстой. Мөн ард түмнээр хэлэцүүлж санал авах зорилготой байгаа. Сумын засаг даргыг сумын иргэд нь томилох уу, намууд томилох уу гэдэг дээр гишүүд өөр өөр байр сууринаас хандаж байгаа. Гишүүдийн нэг хэсэг нь суманд улс төржихийг болих хэрэгтэй, аж ахуйн ажил, эдийн засгийн асуудлаа түлхүү авч үзэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Нөгөө хэсэг нь улстөрийн намууд хүнээ дэвшүүлэхгүй бол тухайн сум, орон нутгийн томоохон компаний эзэд удирдлагад гарч, барьцаанд орох нөхцөлийг үүсгэж магадгүй. Иймд улс төрийн намууд хүнээ дэвшүүлээд, хяналтаа тавиад явах нь зүйтэй гэсэн зүйл ярьж байна” гэв.
Үүнээс гадна бүлгийн хуралдаанаар Хөвсгөл далайд живж амь үрэгдсэн "Ирвэс хамгаалах" сангийн хамгаалагч, биологич н.Лхагвасүмбэрэлийн асуудлыг хэлэлцээд хэргийн учрыг олж, нарийвчлан шалгах хэрэгтэй гэж үзсэн байна. Учир нь талийгаачийн аав хүү нь нас барахаасаа өмнө долоо хоног барьцаанд, байнгын дарамтанд байсан гэлээ.
АН: Үндсэн хуулийн өөрчлөлтөөр зөвхөн манай нам хүч түрэн асуудлыг шийдэхгүй | ||
Үзсэн: 603 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.