Энэ сард 27 настай залуу Т.Л Улаанбаатар хотод байх гэрээсээ гараад сураггүй алга болж улмаар зургаан хоногийн дараа Хөвсгөл далайн усанд живж амиа алдсан байдалтай олдсон хэрэг гарсан.
Тэрээр “Ирвэс хамгаалах сан”-д хамгаалагч, биологич хийдэг байсан бөгөөд гадны ямар нэг нөлөөгүй, усанд живж амиа алдсан гэж үзэж байгаа юм. Харин талийгаачийн ар гэрийнхэн түүнийг маш их дарамтад байсан гэдгийг хэлж байгаа юм. Гэрийнхэн нь амиа алдсан нь ч үүнтэй холбоотой гэж үзэж байгаа аж. Тодруулбал, түүний аав Ж.Төмөрсүхийн хэлснээр талийгаач өмнө нь гурван ч удаа халдлагад өртөж байсан. Гэхдээ энэ нь хууль бус анчидтай холбоотой гэхээсээ илүү уул уурхайн компаниудтай холбоотой гэж таамаглаж байгаа гэсэн юм. Учир нь талийгаач Өмнөговь аймгийн Тост, Тосонбумбын нуруунд уул уурхайн компаниудыг өрөмдлөг хийлгэхгүй гэж нутгийн иргэдтэй хамт эсэргүүцдэг байж. Түүнчлэн Тостын нурууг тусгай хамгаалалтад авах судалгааны ажлыг мөн хийж байжээ. Одоогоор Тостын нуруунд арав гаруй компани лиценз эзэмшдэг бөгөөд тэдгээр компаниуд лицензээ алдахгүйн тулд ийм зүйл хийсэн байх гэж таамаглаж буйгаа талийгаачийн аав хэлсэн.
Өчигдөр УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүгийн хийсэн мэдээлэл энэ асуудалтай холбоотойгоор иргэдийн анхаарлыг ихээр татсан. Учир нь өнгөрсөн хугацаанд иргэдээс Өмнөговь аймгийн Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахыг хүссэн 1059 өргөдөл тус байнгын хороонд ирсэн аж.
Өргөдлийн байнгын хороо уг өргөдлүүдийг хүлээн авч танилцаад энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэж хариу ирүүлэх тухай албан бичгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт өнгөрөгч долоодугаар сард явуулсан байна. Наймдугаар сарын 17-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас албан бичгийн хариуг ирүүлсэн бөгөөд уг бичигт Тост, Тосонбумбын нуруу болон нэр бүхий долоон газрыг улсын тусгай хамгаалалтад нэмж хамруулахаар судалж, үндэслэлийг боловсруулан УИХ-д өргөн барихаар бэлтгэж буйгаа мэдэгджээ. Ийн мэдэгдсэнээс хойш гурван сарын хугацаа өнгөрөөд байхад Засгийн газар тодорхой арга хэмжээ аваагүй байгаа юм.
Тиймээс энэ асуудлыг Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар удахгүй хэлэлцүүлнэ гэдгээ байнгын хорооны дарга О.Баасанхүү хэлсэн юм. Үүнээс гадна өчигдөр хуралдсан УИХ дахь АН-ын бүлэг энэ асуудалд анхаарлаа хандуулж, хэргийн учрыг олж нарийвчлан шалгана гэдгээ хэлсэн юм. Энэ талаарх мэдээллийг эргэн хүргэнэ.
Амиа алдсан залуугийн үхэл уул уурхайн компаниудтай холбоотой байж магадгүй гэв | ||
Үзсэн: 1511 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.