Шууд Chart

Монголын сонгодог урлаг Солонгосын тайзнаа эгшиглэнэ

2015-11-17 12:09:24

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын 70 гаруй уран бүтээлч Солонгос улсад Монголын сонгодог урлагийн тоглолт зохион байгуулахаар болсон байна. Арваннэгдүгээр сарын 18-наас арванхоёрдугаар сарын 7-ныг хүртэл 20 хоног Монголын болон дэлхийн сонгодог хөгжмийн бүтээлүүд, дууриудыг тоглох юм. 

Тодруулбал, арваннэгдүгээр сарын 26-29-ний өдрүүдэд “Лучиа Ди Ламмермур” дуурь, арванхоёрдугаар сарын 2-3-нд “Цөмөөхэй” балетыг Тежон хотноо тоглоно. Мөн Солонгосын Пусан хотод арваннэгдүгээр сарын 30-нд, арванхоёрдугаар сарын 4-нд дахин Тежон, арванхоёрдугаар сарын 6-нд Сөүл хотод Монголын дуурийн уран бүтээлчдийн “Монголиан гала” концертыг тоглох аж.

Тус тоглолтод МУГЖ Э.Амартүвшин, С.Мөнгөнцэцэг, СТА Р.Доржхорол, гоцлол дуучин Ж.Бямбажав, Б.Гомбо-Очир, Б.Батжаргал нар оролцох юм. УДБЭТ-ын симфони найрал хөгжимчид болон уран бүтээлчдийн хувьд байнгын ажлаас гадна санхүүгийн боломжоос хамаарч бүрэн бүрэлдэхүүнээр аялан тоглох нь хүндрэлтэй байдаг. Тэгвэл Солонгосын талаас томоохон дэмжлэгтэй нийт 70 гаруй уран бүтээлч Монголын дуурь, сонгодог хөгжмийн дээжээс тус орны үзэгчдэд үзүүлэхээр төлөвлөж байна.

Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд БСШУЯ, “МИАТ” ХК, Сөүл дэх Монголын ЭСЯ, Сөүл хотын захиргаа, Сөүл хот дахь Улаанбаатар хотын төлөөлөгчийн газар зэрэг байгууллага дэмжин ажиллаж байна.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Монголын сонгодог урлаг Солонгосын тайзнаа эгшиглэнэ   
Үзсэн: 621 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй