Өнгөрөгч 2014 оны нэгдүгээр сард УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын долоон гишүүн Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг өргөн барьсан билээ. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнөөдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хийлээ.
Хэлэлцүүлгийн шатанд Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн талаарх Ажлын хэсгийн саналын томьёоллоор санал хураалт явуулсан. Санал хураалтын явцад 4 дүгээр зүйлийн 4.3 дахь заалт буюу “ хамтын тэтгэвэр авах эрх үүсэхээс өмнө 15 буюу түүнээс дээш жил хамт амьдрахдаа гэрлэлтээ бүртгүүлээгүй”, “гэрлэлтээ бүртгүүлсэн боловч хамт амьдардаггүй эхнэр, нөхөр”,” эхнэр, нөхрийн насны зөрүү 20 ба түүнээс дээш” байсан тохиолдолд иргэнд хамтын тэтгэвэр олгохгүй гэсэн саналын томьёолол нэлээдгүй маргаан дагуулсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, С.Дэмбэрэл, Л.Эрдэнэчимэг нар дээрх заалтууд бодит амьдралд нийцэхгүй байна гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж 4 дүгээр зүйлийн 4.3 дахь заалтыг бүхэлд нь татаж авах нь зүйтэй гэсэн санал гаргасныг Ажлын хэсэг хүлээж авав.
Мөн “энэ хуулийг 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө, хуулийг 2012 оны 1 дүгээр сарын 1-нээс хойших хугацаанд буцаан хэрэглэнэ” гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Анх хууль санаачлагчид Хамтын тэтгэврийн хууль үйлчилснээр цаашид тогтвортой гэр бүлийн тоо нэмэгдэх, гэр бүлийн гишүүдийн бие биеэ хайрлах, урт удаан хугацаанд амьдрах, олон хүүхэд төрүүлж өсгөх, эрүүл мэнддээ анхаарах зэрэг чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзэж байгаа гэдгээ мэдэгдэж байсан. Түүнчлэн хуулийн төслийн гол үзэл санааг олон жил хамт амьдарсан гэр бүлийн гишүүдийн нэг нь нас барсан тохиолдолд түүний тэтгэврийн тодорхой хувь нь гэр бүлийн үлдсэн гишүүнийх нь амьдралын тодорхой хугацаанд өвлөгдөхөд чиглэгдсэн гэдгийг тайлбарлаж байсан юм.
20-иос дээш насны зөрүүтэй эхнэр, нөхөрт хамтын тэтгэвэр олгохгүй байх нь зөв үү | ||
Үзсэн: 762 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.