Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Франц улсын Ерөнхийлөгч Франсуа Олландын урилгаар энэ долоо хоногт БНФУ-д албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч хамтарсан мэдэгдэл хийсэн юм. Энэхүү мэдэгдлийг бүрэн эхээр нь ЭНДЭЭС уншина уу.
Манай улсын Засгийн газар болон БНХАУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. БНХАУ-ын дарга Си Зиньпин өнгөрөгч 2014 оны наймдугаар сард манай улсад төрийн айлчлал хийхдээ хоёр талт эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор нэг тэрбум ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээл олгох боломжтойгоо мэдэгдсэн. Талууд тус зээлийн хүрээнд ерөнхий хэлэлцээр байгуулахаар харилцан тохиролцсон юм. Зээлийн нөхцөлийн хувьд жилийн хоёр хувийн хүүтэй, нийт 20 жилийн хугацаанд эргэн төлөхөөс эхний долоон жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд хэрэгжүүлэх төсөл тус бүрийн 85 хувийг тус зээлийн хөрөнгөөс санхүүжүүлнэ. БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын зээлийг ашиглах тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Ерөнхий хэлэлцээрт Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн энэ сарын 10-ны өдөр гарын үсэг зурсан юм.
Ханиад томуу хүрсэн үед хурдан эдгэрэх гэж антибиотикоор эмчлэх тохиолдол иргэдийн дунд түгээмэл байдаг. Гэтэл антибиотик нь зөвхөн нянгаар үүсгэгдсэн өвчнийг анагаадаг бөгөөд вирусээр үүсгэгдсэн ханиад, томууг эдгээдэггүйг эмч, мэргэжилтнүүд анхааруулж байна. Антибиотикийг хэрэглэхийн өмнө өөрт тохирохыг эмчээр тогтоолгож, заасан тунгаар, тогтмол цагт, тогтоосон хоногт гүйцэд хэрэглэх ёстой аж. Хэдийгээр халуурах болон бусад халдварын шинж арилсан ч эмчийн зөвлөсөн хоногийг дуустал хэрэглэхийг зөвлөж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншаарай.
Автомашин ачих, түр саатуулах журам удахгүй дахин хэрэгжинэ. Албан ёсоор хэрэгжиж эхэлтэл нэгдүгээр эгнээд машинаа тавибал 9200 төгрөгөөр торгох юм. Автомашин ачих, түр саатуулах шинэ журмыг Хууль зүйн яамнаас өнгөрсөн сард баталсан. Харин торгуулийн үнийг тогтоох, ачилтын 14 компанитай шинээр гэрээ хийх ажлыг НЗДТГ хариуцан ажиллаж байна. Хяналтын камераас гадна явуулын камертайгаар зөрчлүүдийг баримтжуулж буй аж.
Энэ сарын 18-ны өдөр АНУ-ын Бостон хотноо Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Массачусетсийн технологийн институтийн ерөнхийлөгч Рафаэль Рейф нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээний дагуу Монгол Улсын дээд боловсрол, шинжлэх ухааны салбарт энтрепренер болон инновацийг хөгжүүлэх зорилгоор Массачусетсийн технологийн институттэй МУИС, ШУТИС болон бусад их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын оюутан, профессор багш, судлаачид хамтран ажиллах юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС унших боломжтой.
Өнгөрсөн наймдугаар сард явагдсан Цахим газар өмчлөлийн дөрөвдүгээр ээлжийн бүртгэлээр Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргийн 16 байршилд 26 302 иргэн газар өмчлөхөөр сонгогдсон. Тэднээс 1591 иргэн хуулийнхаа хугацаанд багтаж, газар өмчлөх эрхээ баталгаажуулаагүй байна. Иймээс дээрх иргэдийн газар өмчлөх эрхийг цуцлаж, өмнө нь нийслэлийн Өмчийн харилцааны газрын цахим хаягт бүртгүүлсэн иргэдийн дундаас 1591 нэгж талбарт газар өмчлүүлэх цахим шалгаруулалтыг энэ долоо хоногт дахин явууллаа. Цахим хэлбэрээр газар өмчлүүлэх шалгаруулалтад оролцож, газар өмчлөх эрхтэй болсон иргэд ажлын 10 хоногт багтаан, харьяа дүүргийн Өмч, Газрын харилцааны албанд хандаж, газар өмчлөх эрхээ баталгаажуулах ёстой. Хэрэв хуулийн хугацаанд газар өмчлөх эрхээ баталгаажуулаагүй бол Нийслэлийн өмчийн харилцааны газраас таны эрхийг хүчингүй болгож, дахин шалгаруулалтаар өөр иргэнд өмчлүүлэх юм. Цахим газар өмчлөлд оролцохоор бүртгүүлсэн иргэний холбогдох утас болон цахим хаягаар газар өмчлөх эрхтэй болсныг нь Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдэгдэнэ. Иргэд газар өмчлөх эрхээ баталгаажуулахдаа иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбарыг нотариатаар батлуулж, харьяа дүүргийнхээ Газрын албанд очиж бүртгүүлэх юм байна.
Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг сонирхуулъя. Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, 22-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. 23-нд баруун болон зүүн зүгийн нутгаар, 24-нд зарим газраар, 25-нд зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 24-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.
Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна | ||
Үзсэн: 1174 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.