Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, "Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах" тухай УИХ-ын тогтоолын төсөл, "2016 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцжээ.
Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хүйтний улирал эхэлсэн, ханиад томуу дэгдэж байгаа энэ үед гурван сая хүний эрүүл мэнд, амь настай холбоотой салбар хариуцдаг Эрүүл мэндийн сайдын томилгоог нэн яаралтай хийх шаардлагатайг онцлов. Удирдах албан тушаалтнууд нь хэрэгт шалгагдаж буйн улмаас эзэнгүйдээд байгаа энэ салбарыг хариуцах эзэнтэй болгоход Засгийн газар хугацаа алдалгүй санаачилгатай ажиллах шаардлагатайг хэлэв.
Тэрбээр мөн "Эрх баригчид ирэх жилийн төсөвт цалингийн санг 10 хувиар бууруулах, хүүхдийн мөнгийг хүүхдүүдийн 60 хувьд нь өгөхөөр болсон. Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүд, орон нутгийн амьдрал ахуйтай манай гишүүд танилцсан. Ард иргэдийн амьдрал туйлын хүнд байна. Малчдын мал үнэгүйдсэн, хонь хотондоо л гэхэд 30-50 мянган төгрөгийн үнэтэй байна. Гэр хороололд бүтэн сар мах идээгүй, бүх бичиг баримтаа зээлийн барьцаанд тавьсан, өдөр хоногийг арай ядан өнгөрөөж буй айл өрх, хүмүүс олон байна. Ард иргэдийн амьдрал ахуй муудаж байгаа нь өнөөгийн эрх баригчдын алдаатай бодлого, үйл ажиллагаатай холбоотой юм. Тиймээс 2016 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлд эдгээр тулгамдсан том асуудлуудаа тусгаж шийдэх ёстой гэж үзэж байгаа" гэсэн юм.
Мөн бүлгийн дарга С.Бямбацогт Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар байр сууриа дахин илэрхийллээ. Тэрбээр "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг зөвхөн МАН-ынхан дэмжихгүй байгаа мэтээр ярьж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий юу гэвэл бий. Гэхдээ цаг хугацааны хувьд өнөөдөр боломжгүй гэж үзэж байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийг АН-аас Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Х.Баттулга, Л.Болд, Ц.Оюунгэрэл нарын гишүүд, бие даагч гишүүд, "Шударга ёс" эвслээс Л.Цог гишүүн дэмжихгүй байгаа. Эрх баригч АН өөрсдөө бүрэн дэмжихгүй байгаа шүү дээ" гэлээ.
С.Бямбацогт: Гэр хороололд бүтэн сар мах идээгүй, бичиг баримтаа зээлийн барьцаанд тавьсан хүн олон байна | ||
Үзсэн: 698 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.