
Хаана нэгэнтэй таарсан "хачин" дуу хоолойтой, "сонин" явдалтай нэгний тухай ам булаалдан ярихыг бишгүйдээ л сонсож байв. “Тэр яг гомо шиг, ижил хүйстэн шиг” гээд ярилцах тэд бэлгийн цөөнхийг нүдэнд орсон хог мэт үзэж, тэднийг өмөөрөх гэсэн нэгнийг элдвээр дайрч доромжлох шинжтэй. Энэ сэтгэлгээ манайд аль эртнээс л байсан гэхэд болно. Магадгүй эмэгтэй хүн эмэгтэйтэйгээ, эрэгтэй хүн эрэгтэйтэйгээ тэврэлдэж, үнсэлцэхийг харах эвгүй сэтгэгдэл төрүүлдэг байх. Гэтэл манайхаас бусад оронд тэднийг хүлээн зөвшөөрч, зарим нь бүр хоорондоо гэр бүл болж байна. Бид бусад шиг тэдний эрх чөлөөг “тунхаглахаа” байг гэхэд тайван амьдрах орчныг нь бүрдүүлэх ёстой мэт...
Хүний амьдралаар амьдарч, зовлонг нь мэдрээгүй байж ойлгоно гэж хэлээд яана... Гэтэл тэдний амьдралаар амьдарч, ижил зовлонг мэдэрнэ гэдэг хэцүү. Учир нь тэд бэлгийн цөөнх. Эхийн хэвлийгээс энгийн нэгэн болж мэндэлсэн ч өсөх тусам өөр нэгэн болохоо мэдрэх тэр мэдрэмж ямар байдаг бол...
Анх тийнхүү “өөр” гэдгээ мэдсэн нэгэн хэд хэдэн удаа үхлийн тухай бодож байснаа ярьж байсан. Тийнхүү бэлгийн цөөнхийн эгнээг нэмсэндээ бухимдаж, ойр дотныхноосоо нуун, хэзээ нэгэн цагт тэд мэдвэл яах бол гэх айдас түүний дотор одоо ч бий гэнэ. Тэглээ гээд энгийн нэгний амьдралаар ч амьдарч чадахгүй байгаагаа учирлав.
Манайд одоогоор тэдэн бэлгийн цөөнх байна гэх албан ёсны тоо байхгүй. Олон улсын жишгээр аливаа нийгмийн 10 хувь нь бэлгийн цөөнх байдаг. Тэгэхээр манай улсад ойролцоогоор 270-300 мянга орчим бэлгийн цөөнх байна гэж бодож болохоор.
Хүн төрөлхтөн XIX зууны сүүлчээс ижил хүйстний бэлгийн чиг хандлагыг судалж эхэлсэн. Тэр үед эрдэмтэд гомо, лесби байна гэдэг “өвчин” гэж үзэж байв. Түүгээр ч барахгүй сэтгэц мэдрэлийн эмгэг гэж үзэн эмчлэх гэж оролдож эхэлсэн билээ. Харин 1970-аад оноос Америкийн Сэтгэл Мэдрэлийн Нийгэмлэгээс ижил хүйстнээ сонирхох нь өвчин биш гэдгийг нотолсон юм. Улмаар 1990 онд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага ижил хүйстнээ сонирхох нь ямар нэг өвчин биш. Хүний бэлгийн чиг хандлагын нэг юм гээд Сэтгэц мэдрэлийн өвчний жагсаалтаас хассан аж. Өдгөө дэлхийн олонх оронд дээрхтэй адил өвчин эмгэг биш гэж үзэж өөрийн орны эрүүл мэндийн салбарын өвчний жагсаалтаас хасаад байна. Харин манай улс өнөөг хүртэл өвчин ангиллаас хасаагүй байгаа билээ. Энэ нь нөгөө л нэг цусанд суусан ёс зүй, дэг журамтай холбоотой. Үүнийг ч буруутгах аргагүй. Угаас эх орны ноёд хатдын амьдралд атаархаж, хатан ухаант бүсгүйчүүд харчуудын эгнээ рүү тэмүүлэх энэ ёс хэзээнээс манайд байгаагүй. Тэглээ гээд “харандаагаар зурсан зураг шиг баллуурдчихаж болохгүй" тэдний энэ хандлагыг яалтай билээ.
Ижил хүйстнээ сонирхдог болно гэдэг хэн нэгэнд уруу татагдах, эсвэл өөрийн дур хүслээр л зохицуулагддаг зүйл гэсэн ойлголт өнөөг хүртэл их байдаг. Ялангуяа манай улсын хувьд 1990-ээд оны сүүлчээр хүчтэй яригдаж байв. Гэтэл шинжлэх ухаан, анагаахынхан гомосекс гэдэг бол 100 хувь төрөлхийн буюу олдмол болох нь нотлогдсон гэж мэдээлээд байна. Хэнд дурлаж, таалахаа хүн өөрөө сонгох боломжгүй, харин мэдэрдэг гэнэ. Эрдэмтэн, судлаачид бэлгийн чиг хандлага эхийн хэвлийд байхад нь биологийн хүчин зүйлээс шалтгаалан тодорхойлогддог гэсэн таамаглал дэвшүүлээд байна. Үүнд ураг бүрэлдэх үед эхийн хүнс тэжээл, сэтгэл санааны байдал, гадаад орчин, агаар, дуу чимээ гээд бүхий л зүйл нөлөөлдөг байх магадлалтай гэнэ.
Гэтэл олон жилийн судалгаа эцэг, эхийнх нь бэлгийн зан үйл хүүхдэд нь нөлөөлснийг баталсан буюу хүүхдийн ижил хүйстэн болох шалтгаан нь эцэг, эх байсан тохиолдлыг олж тогтоогоогүй юм. Ижил хүйстэнтэй бэлгийн харилцаанд ордог гэр бүлээс гаралтай хүүхдүүдийн 90 гаруй хувь нь эсрэг хүйстнээ сонирхдог байжээ. Түүнчлэн ижил хүйстнүүдийн олонх нь гетеросекс /эсрэг хүйстнээ сонирхдог/ гэр бүлд төрж, өссөн байдаг. Хүн судлаач нар гомосекс зан үйлийг нэлээд анхааралтай судалсны эцэст сүүн тэжээлт аймгийн бүх амьтанд энэ харилцаа байдаг болохыг тогтоосон байна. Хүн төрөлхтний хөгжлийн бүхий л үе шатанд ан амьтан, хорхой шавьж ижил хүйстэнтэйгээ бэлгийн харилцаанд орж байсан гээд ийм өргөн хэмжээний үзэгдлийг гаж гэж үзэх үндэслэлгүй гэжээ. Түүнийг баталсан мэт ижил хүйстэн тасуудын талаарх мэдээлэл гурван жилийн өмнө олны сонорыг татаж байв. Германы Мюнстер хотын амьтны хүрээлэнд байх 14 настай хоёр тасад үр удмаа үлдээх боломж олгон салгах шийдвэр гаргаж, нэгийг нь Чехийн амьтны хүрээлэн рүү явуулсан билээ. Хамгийн сонирхолтой нь тийнхүү бие биенээ сонирхох болсон ижил хүйстэн тасууд үүр барих гэж оролдсон ч бүтээгүй гэнэ. Учир нь тэнд байх бусад махчин шувууд тэднийг дээрэлхэж, үүр засах материалыг нь хулгайлж, янзалсныг нь бутрааж байсан тухай хүрээлэнгийн ажилтан Дирк Виюэрс ярьжээ.
Тийнхүү амьтанд ч, хүнд ч байх тэрхүү занг хэрхэх вэ. Ижил хүйстнээ сонирхдог ч энгийн л нэг амьдралаар амьдарч, ажил хийж, хамтрагчтайгаа зохицож байгаа бол бид түүнд дургүйцэх хэрэг юу байна. Гэр бүл, хувь хүн ижил хүйстэн гэдэгтэйгээ эвлэрч нэгэнт хүлээн зөвшөөрсөн бол бид тэднийг нийгмээс тусгаарлаж, элдвээр хэлээд газар авахгүй шүү дээ. Тэдний хажуугаар зөрлөө гээд бид ижил хүйстнээ сонирхоод эхлэхгүй. Тэд ижил хүйстэн байлаа гээд ажил хийж чадахгүй гэсэн үг биш. Бид л болохгүй, бүтэхгүй, чадалгүй гэж ойлгодгоос тэдний нийгмийг, ертөнцийг мэдэхийг хүсдэггүй хэрэг. Ийнхүү хэлэхийн учир тэдэнтэй уулзаж, хэсэг хугацаанд ярилцсаны дараа бодогдсон “хүн л шүү дээ” гэх бодолтой холбоотой.
-Г нь лесбиян. 1994 оны есдүгээр сард лесбиян гэдгээсээ болж төрсөн ахдаа хэвтэрт ортлоо зодуулж байсан. Үүнээсээ болж олон жил гэрийнхэнтэйгээ холбоогүй явсан гэнэ. Тэрбээр 19 насандаа хүүхэдтэй болохын тулд эрэгтэй хүнтэй хамтран амьдарсан ба түүнд өөрийнхөө бэлгийн чиг баримжааны тухай хэлж байгаагүй аж. Нөхөр байсан хүн нь 2005 онд Монголд ирээд түүнийг лесбиян гэдгийг нь олж мэдээд Г-г ална гэж сүрдүүлж байжээ.
-Нэгэн гей залуу 1999 оны есдүгээр сард гей хүмүүсийн эрх зөрчигдөж буй талаар “Сэрүүлэг” сонинд ярилцлага өгснөөсөө болж төрсөн ахдаа хөлөө хугалуулж байв. Ах нь түүнийг “Ингээд гомотож яв” гэж хэлж байсан нь одоо ч чихэнд сонсогддог гэж тэрбээр ярьж байлаа.
-“Намайг ингээд л төрчихсөн гэдгийг ойлгохгүй байгаа гэр бүлийнхэнтэйгээ ярихыг хүсдэггүй ч тэднээс санхүүгийн хувьд хараат, бие даан амьдрах боломжгүйгээсээ болоод өдөр болгон гэртээ орохдоо хөндий хүйтэн, намайг үзэн ядсан хүмүүсийн дунд ордог. Амиа хорлочихвол эд нар уйлах болов уу, намайг алсан гэж бодох болов уу ч гэж хааяа боддог юм. Жаахан л юм болвол “Гаж донтон” гэж орилоод, “Уруу татсан хүнийхээ нэрийг хэл” гэдэг. Гэтэл би ингээд л төрчихсөн, ухаан орохоосоо л ийм л байсан гэж хэлээд ойлгодоггүй. “Чамайг төрүүлсэндээ харамсдаг” гэж ээж, ааваасаа сонсох шиг аймар зүйл байхгүй. “Муу амьд явснаас үхчихээсэй” гэж хоорондоо ярьж байхыг нь ч хүртэл сонссон. Хааяа дэндүү аймаар санагддаг, амиа ч хорломоор үе зөндөө байсан.
-Гей эрэгтэй “Монголын нийгэм нээлттэй сайхан бол хэн ч эх орноосоо явахыг хүсэхгүй. Гэхдээ нөхцөл байдал хүнд л байна. ЛГБТ байдлаасаа болоод ямар ч шударга ёсыг мэдэхгүй байгаа тохиолдолд, цагаачлах ч биш бүр дүрвээд явмаар санагддаг”.
-П нь гей залуу. 2005 оны дөрөвдүгээр сард нагац ах нь түүнийг гадаад эртэй хамт амьдардгийг нь сонсоод гэртээ дуудан ирж байгаад бороохойгоор зоджээ. Түүний бие болон гуя, өгзөг хэсгээр маш их бяцралт үүссэн байна. Тэрбээр маргааш нь өөрийн ах дүү, хамаатан саднаа хэрэгт унагаад хэрэггүй байх гээд гадаад руу явжээ.
-Сургуулийнхан “Хөөе охин, хүүхээн, гомо энээ тэрээ гэж дуудах бол энгийн л үзэгдэл. Бүр барьж аваад алгадаж унагаагаад, элэгдчихгүй л бол юу ч биш. “Энэ юун охин шиг юм” гэж багшийг хэлэхээр ангийнхан пирхийтэл инээлддэг. Хамт олны дунд эвгүй байдалд оруулж, таагүй орчин үүсгэж байна гэдгээ багш өөрөө мэддэггүй л юм байх даа. Шоолуулдгаасаа болоод хичээлээ маш их тасалдаг байсан. Бусад гей хүүхдүүд ч сургуулиасаа гарсан зөндөө л тохиолдол байдаг."
-Г нь 38 настай лесбиян. Хамтран амьдрагч эмэгтэйтэйгээ өөрийн ба хамтрагчийнхаа төрүүлсэн хоёр хүүхдээ өсгөдөг. 17 настай том охин нь сургууль дээрээ хоёр ээжтэйгээсээ болж ангийнхандаа гадуурхагддаг. Ангийнхан нь байнга “Танай ээж чинь гомо биз дээ. Хамт яваад байдаг тэр эгч чинь чиний юу юм бэ гэх мэтээр сөрөг хандлага бүхий зүйл түүнээс асууж, эвгүй байдалд оруулдаг байна. Тэрбээр “Охиныг минь надаас болж хүмүүс яах бол гэж маш их санаа зовдог. Хамтрагчийн минь төрүүлсэн хүүхэд удахгүй сургуульд орохоор мөн л ялгаварлагдана гэхээс маш их санаа зовж байна” гэж ярьж байв.
-Гей эрэгтэй: “Монгол жижиг учир нэг ажил олгогчид ЛГБТ гэдгээ хэлэхэд бусад нь бүгд мэдээд намайг ажилд авахгүй тохиолдол зөндөө гарч байсан. Нарийн мэргэжлээр сураагүй хүний хажууд би сурчихаад ирсэн байхад тэр хүнийг мэргэжилтнээр ажилд авч байх жишээтэй. “Ажлын байран дээр асуудал их гардаг. “найз охинтой юм уу, найз охин чинь эрэгтэй байхаа, эр хүн шиг байгаач, яаж яваад байгаа юм бэ хүүхэн шиг, Гамбуушийн дүү юм уу” гэх мэтээр үг хэлээр маш их доромжилдог.
Энэ мэтээр тэдний зовлонг дурдаад дуусахгүй. Хүн л хойно гэр бүлтэйгээ, найз нөхөдтэйгөө ярилцаж, гадуур зугаалж, дүүгээ сургуулиас авахыг хүсдэгээ тэд нуусангүй. Гэтэл олны дунд байдаг үзэн ядах сэтгэлээс болоод өөрсдийн хана хэрэмнээс гарч чаддаггүй гэх. “Тэд хайртай хүмүүс минь зовохоос би өөрөө л зовж явъя” гэх үгийг чулуудна. Үнэхээр тэдэнд айдас болох зүйл мундахгүй. Хажуугаар өнгөрөх жаахан хүүхдүүдийн хэлсэн үгэнд ч гомдож, нулимс урсгадаг гэх. Эрхээ хэлээд гараад ирэхээр энд тэндээс алж, хядна гэх дарамтанд өртдөг аж. Ийнхүү амьдралын төлөө хэлээ хазаж, зодуулах үедээ зодуулж, доромжлох нэгэнд нь дарлуулж байдаг гэнэ. Бид тэдэнтэй хэзээ хүн ёсоор харьцах бол...
Бид тэднийг магтлаа ч, мууллаа ч өөрчлөгдөх зүйл нэгээхэн ч үгүй. Бэлгийн чиг хандлага эсвэл бэлгийн чиг баримжаа нь аль нэг хүйсээс өөрийнхөө хайр дурлал болоод бэлгийн харилцаанд орох болон татагдах хүний үндсэн шинж чанарын нэг юм. Бэлгийн чиг хандлагыг гетеросекс, гомосекс, бисекс гэх үндсэн гурваас гадна хэд хэд ангилдаг.
Гол хэллэг болоод теоромууд.
-Гетеросекс гэдэг нь өөрөөсөө эсрэг хүйсийн хүнд татагддаг хүн.
-Гомосекс гэдэг нь өөртэйгөө ижил хүйсийн хүнд татагддаг хүн.
-Бисекс гэдэг нь өөрөөсөө эсрэг болон ижил хүйсийн хүнд татагддаг хүн.
-Пансекс аль нэг хүйсэнд баригдалгүйгээр бүх хүйсийн хүмүүст татагддаг хүн.
-Асекс бэлгийн дур хүслийг мэдэрдэггүй буюу бэлгийн чиг баримжаагүй хүн.
-Нонсекс хэн нэгнээс бэлгийн харилцаа хүсэхгүй болон ордоггүй бэлгийн дур хүсэлгүй хүн.
Мөн үүнээс гадна гомосексийг Трансжендертэй холин ойлгодог тал байдаг ч, энэ хоёр нь хоорондоо ялгаатай огт өөр зүйл юм. Трансжендер гэдэг бол өөрийн байгалиас заяасан хүйстэй өөрийн сэтгэл санааны хүйс хоёр хоорондоо тааран зохицохгүй зөрчилдөхийг хэлдэг. Улмаас өөрийнхөө хүйсийг солихыг хүсдэг болдог. Өөрөөр хэлбэл, эмэгтэй биетэй мөртлөө эрэгтэй мэдрэмж сэтгэхүйтэй, эсвэл эрэгтэй биетэй мөртлөө эмэгтэй мэдрэмж сэтгэхүйтэй хүнийг хэлнэ.
Гетеросекс (Heterosexual) чиг хандлага нь эсрэг хүйсийнхээ хүнийг сонирхон дурлаж, тэдэнд татагдан бэлгийн харилцаанд орохыг шинжлэх ухаанд ийнхүү нэрлэдэг. Тухайлбал, эмэгтэй хүнийг сонирхож, тэдэнд дурлаж татагддаг эрчүүд, эсвэл эрчүүдийг сонирхож, тэдэнд дурлаж татагддаг эмэгтэйчүүдийг хэлнэ. Энэ хандлага нь хүн амын дийлэнх хувийг эзэлж байдаг.
Гомосекс (Homosexual) чиг хандлага нь ихэвчлэн ижил хүйсийнхээ хүнийг сонирхож, дурлаж, тэдэнд татагддаг, бэлгийн харилцаанд ордог нэгнийг энэ ангилалд хамааруулж ойлгодог. Өөрөөр хэлбэл, эр хүнийг сонирхож, тэдэнд татагддаг эр хүн, эсвэл эрчүүдийг бус, бусад эмэгтэйг сонирхож, тэдэнд дурлаж татагддаг эмэгтэйчүүдийг хэлнэ. Гомосекс гэсэн ойлголтыг дотор нь гей, лесби гэж хувааж нэрлэдэг. Бэлгийн цөөнх гэгддэг ба хүн амын 2-13 хувийг (50 хүн тутмын 1-8 нь гомосекс байх магадлалтай)эзэлдэг.
Бисекс (Bisexual) чиг хандлага нь өөрийн ижил ба эсрэг хүйсийнхээ хүмүүсийн аль алинд нь дурлаж татагддаг. Тэдгээрийг сонирхдог, бэлгийн харилцаанд ордог хүнийг хэлнэ. Жишээ нь: Эмэгтэй, эрчүүдийн аль алиныг нь сонирхдог, тэдгээрт дурлаж татагддаг эмэгтэй эсвэл эрэгтэйг хэлнэ.
Ийнхүү нэрлэдгийг манайхан ойлгож, сонсохыг ч хүсдэггүй гэдэг нь үнэн. Тэдний бодолд гомо л бол гомо, лесби л бол лесби гэж байдаг тул адилхан л үзэн ядна. Үүнийг тэр энэ гэлгүй интернэтийн сэтгэгдлээс бэлхнээ харж болно. Саяхан Монголын нэгэн мэдээллийн сайтад бичигдсэн ижил хүйстнүүдийн талаарх нийтлэлийн дор элдвээр хараан зүхсэн, бичсэн сэтгүүлчийг ч доромжилж “энэ дэлхийгээс зайл, чи өөрөө ижил хүйстэн үү, эд нарыг бүгдийг нь холбож байгаад хороох сон, ямар ч хэрэггүй бусармаг гаж амьтад” гэх мэтээр бичсэн байв. Тийнхүү бичиж суугаа хүн уг нь бичиг үсэг тайлагдсан л бололтой юм. Гэтэл ийнхүү “хүн шиг хүмүүс”-ийг хашаанд ороод гарах золбин нохой шиг хөөж, нүдэнд орсон хог мэт үзэх хэрэг юу байна вэ. Тийнхүү үгээр идэхийн оронд эхлээд “Би ийм байсан бол...” гээд бодоод үзвэл...
ЛГБТ-ийн менежер Г.Нямпүрэв: Өөрийнхөөрөө байлаа гээд гадуурхагдах ёсгүй
-Манай улсад ЛГБТ хүмүүс нэг ёсондоо нуугдмал байдаг. Ил гарахыг хүсдэг ч нийгэм нь хүлээж авдаггүй. Энэ талаар таны бодлыг сонсъё?
-Энэ бол хувь хүний өөрийнх нь үзэл бодол, асуудал. Бид хэнийг ч, хэзээ ч чи ил гар гэж хэлэхгүй. Эдгээр хүмүүсийг төлөөлж байдаг хүмүүс бол аюул, заналд өртөх нь харьцангуй гайгүй байдаг. Бид ямар нэг байдлаар МЭӨ ч юм уу, хэдэн зуун жилийн өмнөх амьдралаар амьдраагүй шүү дээ. Хүн хүнийгээ ойлгож амьдрах хэрэгтэй. Бэлгийн чиг баримжаа эцсийн эцэст ялгаварлан гадуурхалтын үндэс байж болохгүй. Хүний оюун санаа, үг, үйлдэл нь чухал болохоос бэлгийн харьцаан дээр тулгуурлаж ярьж болохгүй. Хүн өөрийнхөөрөө байгаагийн төлөө бусдад гадуурхагдах ёсгүй. Энэ тал дээр хүмүүс маш сайн ойлгох хэрэгтэй. Дараагийн нэг асуудал нь өөрийнх нь амьдралд гай болоод байгаа юм шиг. Хаалгыг нь тогшоод хоол гуйгаад байгаа мэт харьцдаг. Би гудамжинд архи ууж яваагүй. Хүнээс дор гахай шиг амьдраагүй. Боловсрол эзэмшээд байдгаараа ажиллаад л явж байна. Би өөрийгөө нуугаад яваад байх шаардлага надад алга.
-Нийгмийн гадуурхлаас гадна эдгээр хүмүүс гэр бүлийн гадуурхалд өртдөг үү?
- Мэдээж гэр бүлийн хүрээнд гадуурхал тодорхой хэмжээгээр байж таарна. Ойлгоод хүлээн зөвшөөрчихсөн хүмүүс ч бас байдаг. Үүнээс болоод гэр орноосоо хөөгдчихсөн тохиолдол байгаа. Мөн гэр бүлдээ хэлээгүй хүмүүс ч байгаа.
-Тэдний дунд гэр бүлтэй хүмүүс байдаг гэсэн?
-Миний бодлоор өөр өөрийнхөө бэлгийн чиг баримжааг нууж, далдлан гэр бүлийнхээ шахалтаар гэрлэсэн хүмүүс байдаг. Мөн “гей” хүмүүсийн хажуугаар “бисекс” хүмүүс бас байдаг. Энэ нь эсрэг болоод ижил хүйстнээ хоёуланг нь сонирхож сэтгэл татагдаж, хайрлан, дурладаг гэсэн үг.
-ЛГБТ хүмүүсийн бэлгийн чиг баримжаа нь төрөлхийн байдаг гэдэг. Тэгвэл олдмол гэж байдаг уу?
-Бэлгийн чиг баримжаа нь олдмол гэж байхгүй. Эхээс төрөхдөө л бэлгийн чиг баримжаа нь ийм л төрсөн байдаг. Энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Гей байсан бол гей, лесби байсан бол лесбигээрээ л үлдэнэ. Нэмж хэлэхэд, бэлгийн чиг баримжаанаас шалтгаалан бусдад хэзээ ч гадуурхагдах ёсгүй. Мөн ХДХВ-ДОХ-ын тархалттай холбон эдгээр хүмүүсийг чичилж болохгүй. Үүнээс болж энэ хүмүүс сэтгэл гутралд орж гэрээсээ ч гарч чадахгүй хэцүү байдаг. Тиймээс хүний эрхийг хэзээ ч битгий эрэмбэлээч гэдгийг л хэлмээр байна.
Ийнхүү тэд ч хүн, тэднийг тийнхүү доромжлогч нь ч хүн гэдгээ санамаар... Бид өөрсдийн бодлоо цэгцэлж, тэд ч үйлдлээ хянаад явчихвал бухимдах шалтгаан байхгүй болов уу.
Бэлгийн цөөнх бахархал, бухимдлын шалтгаан гэж үү | ||
Үзсэн: 8352 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.