Чех улсын нийслэл Прага хотод болж байгаа Европын олимпийн хорооны Гүйцэтгэх Зөвлөлийн 44 дүгээр ассамблейн хуралдаанаар 2019 онд зохиох Европын спортын хоёрдугаар наадмыг хүлээн авах хотын нэрийг зарлах байсан ч хойшлуулжээ. Тус наадмыг зохиохоор ОХУ-ын Казань, Сочи гэсэн хоёрхон хот өрсөлдөж байгаа юм. Оросын хөнгөн атлетикийн тамирчид сэргээш хэрэглэдэг тухай дуулиан шуугиан гарсан учир эцсийн шийдвэрийг хожуу гаргахаар болжээ.
Ассамблейн хуралдааны талаар Европын олимпийн хорооны Ерөнхийлөгч Патрик Жозеф Хикки мэдээлэл хийхдээ “Дараагийн Европын спортын наадмыг хүлээн авч явуулах хүсэлтээ олон хот ирүүлсэн. Гэхдээ бид хэлэлцээд нэр дэвшигч хотуудад санхүүгийн ихээхэн хүндрэл бэрхшээл учруулахгүй гэсэн зарчмыг баримтлахаар тогтсон. Тийм учраас Өвлийн олимпийн наадам, Оюутны зуны Универсиад наадмыг зохион байгуулж байсан туршлагатай, зохих материаллаг баазтай ОХУ-ын Казань, Сочи гэсэн хоёр хотын аль нэгийг сонгохоор тогтоод байна. Ямартай ч Европын спортын наадмыг зохион явуулж болох цорын ганц улс нь ОХУ гэж бид үзэж байна. Энэ тухай Прага хотод сая зарлах гэсэн боловч Оросын хөнгөн атлетикийн холбоотой томоохон асуудал үүссэн учир асуудлыг хойшлуулсан. Гэхдээ Оросын олимпийн хороо асуудлыг зохих ёсоор шийдвэрлэж чадна гэдэгт итгэж байна” гэж онцлон дурджээ.
Ассамблейн хуралдаанд ОУОХ-ны Ерөнхийлөгч Т.Бах, Үндэсний олимпийн хороодын холбооны Ерөнхийлөгч шейх Ахмед аль-Фахад аль-Сабах нар урилгаар оролцсон байна.
Анхдугаар Европын спортын наадам өнгөрсөн зургаадугаар сард Азербайжан улсын Баку хотод болж Европын 50 орны тамирчид олимпийн 16, олимпийн бус дөрвөн төрлөөр өрсөлдсөн байна.
Европын спортын хоёрдугаар наадам ОХУ-д болно | ||
Үзсэн: 1661 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.