![](/uploads/201309/news/thumb/c3757a93296ea1e13b73c3667a43c887_x3.jpg)
Шинэчлэлийн засгийн газар, Монголбанк хамтран найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг олгож эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Зээлийн журам хэрэгжиж эхэлсэн цагаасаа хойш сайн муу үр дагавар олныг дагуулсаар өдийг хүрсэн. Эндээс хамгийн хурцаар хөндөгдөж, иргэдэд хүндээр туссан асуудлын нэг бол яах аргагүй урьдчилгаа төлбөрийн асуудал байв.
Энэ зээлийг Монгол банкны зүгээс арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлж эхлэхдээ урьдчилгаа төлбөрийг 20-30 хувиар тооцон иргэдээс бэлнээр авахаар зээлийн журамд тусгагдсан. Иргэдийн зүгээс урьдчилгааг хэт өндөр байгаад дургүйцлээ илэрхийлж, “дундаж амьдралтай айл өрхөд зориулсан гэх тооцоолол нь хаана байна” хэмээн бухимдацгааж байв.
Харин арилжааны банкуудын зүгээс эрсдэлээ тооцоолох хамгийн зохистой арга нь урьдчилгаа өндөр байхад оршино гэх байр суурин дээрээ нам зогссоор өдийг хүрсэн. Найман хувийн хүүтэй гэх эл алдарт зээл хэрэгжиж эхлэснээр байрны үнэ эдүгээ метр квадрат тутамдаа 1 саяас багагүй төгрөгөөр нэмэгдчихээд байхад холбогдох албаныхан дүлий дүмбэ оргин нам суусаар байгаа нь хачирхалтай.
Тэгвэл сүүлийн өдрүүдэд урьдчилгаа төлбөрийн асуудал бүр “гаарч” эхэллээ. Тодруулбал, Хасбанк өнгөрсөн долоо хоногоос нийслэлийн хэмжээнд олгогдож буй зээлдээ 50 хувь, орон нутагт бол 60 хувиар тооцон урьдчилгаа авахаар зээлийн дотоод журам батлан гаргаж, хэрэгжүүлж эхэлжээ.
Энэ талаар тус банкны ажилтнаас тодруулахад “Манай банк долоо хоногийн өмнөөс урьдчилгаа төлбөртөө өөрчлөлт оруулсан. Энэ нь банк эрсдлээ тооцон гаргасан шийдвэр. Зээл олголт хэвийн явагдаж байгаа ” гэсэн хариулт өглөө. Улмаар “Танай банк энэ шийдвэрийг гаргахдаа Монголбанктай зөвлөлдсөн үү” гэх асуултад минь хариулах хүн олдсонгүй, утсаа таслав.
Байдал нэг иймэрхүү маягаар өрнөж байхад өнөөх бидний ганц аврал болсон партизан О.Магнай дарга чухам ямар байр суурьтай сууж байгаа юм бол гэх үүднээс утас цохилоо. Хууль эрхзүйн үүднээсээ бол ШӨХТГ энэ асуудалд оролцох шаардлагагүй гэнэ. Засгийн газар, Монголбанк хоорондын байгуулсан урт хугацааны гэрээний заалт ийн зөрчигдөж байхад манай шударга өрсөлдөөнийхөн таг дуугүй зогсож байх үүрэгтэй юм байх.
Харин Монголбанкны байр суурь их энгийн. Одоогоор иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу Хас банкан дээр тусгай байцаагч томилогдон ажиллаж байгаа аж. Мөн банк хооронд байгуулсан гэрээний заалт зөрчигдөж байгаа тул Монголбанкны зүгээс санхүүжилтээ зогсоох бүрэн эрхтэй юм байна.
О.Магнай дарга нэгэн үес байрныхаа үнийг дур мэдэн нэмээд байгаа барилгын компаниудтай төр харьцахгүй хэмээн даналзсан ч хол яваагүй. Эцэст нь энэ манай оролцох асуудал биш гэсэн тайлбар хийгээд хойш суусан. Яг энэ асуудлын нэгэн адилаар арилжааны банкуудын ийн дураараа аашлах нөхцлийг төрийн байгууллагууд хянаж чадахгүй нь үү дээ гэсэн хардлага төрж эхэллээ. Эцэст нь 50 хувийн урьдчилгаагаа төлөөд байраа аваарай, миний ард түмээн гэх төрийн мэдэгдэл байр авах гэсэн иргэдийн мөрөөдөлтэй халз тулах вий..
"50 хувийн урьдчилгаагаа төлөөд байраа аваарай, миний ард түмээн" | ||
Үзсэн: 5315 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.