Шууд Chart

Бүрэн улсаа тунхагласан бүтэн баярын өдөр

2015-11-26 09:45:52

Анхны үндсэн хууль батлагдан, Бүгд Найрамдах Улс тунхагласны 91 жилийн ой өнөөдөр тохиож байна. Улсын анхдугаар их хурал 1924 оны 9 дүгээр сарын 8-нд нийслэл хүрээнд нээгдэж халхын 4 аймаг, Дөрвөдийн 2 аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу ба ардын цэргийн ангиудаас нийт 90 хүн их хуралд сонгогдсоноос 77 төлөөлөгч оролцож байж.

Их Хурлаар олон чухал асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 16 цаг 15 минутад санал нэгтэй баталсан талаар эх сурвалжуудад тэмдэглэн үлдээсэн байдаг.

Анхны Үндсэн хуулийн 1-р зүйлд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд найрамдах Бүрэн эрхтэй Ард улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг УИХ ба мөн хуулиар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийдвэрлүүлэх явдлыг нийтээр сүслэн дагавал зохино” гэжээ. Ийнхүү монгол түмэн түүхэндээ анх удаа Үндсэн хуультай болж, Бүрэн эрхт улсаа тунхагласан энэхүү өдрөөс хойш 91 жил болж байна.

Анхдугаар Үндсэн хууль нь бүхэлдээ Монголын түүхэнд анх удаагаа хаант ёсыг халж, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулж, бүгд найрамдах улсыг тунхаглан зарласнаараа түүхэн ач холбогдолтой баримт бичиг хэмээн үздэг.

Үндсэн хуульдаа хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх заалт оруулсан энэ өдрөөс эхлэн улс орон, ард түмний аж амьдралд олон дэвшилт, ахиц өөрчлөлт гарсан. Улсын хувь заяатай холбоотой асуудлыг нэг хүний үзэмжээр бус нийт ард түмний хүсэл зоригт нийцүүлэн шийдэх боломж бүхий засаглалыг бүрдүүлсэн нь анхдугаар Үндсэн хуулийн түүхэнд гүйцэтгэсэн чухал үүргийн нэг юм. Үндсэн хуульд "... улсын дээд эрхийг жинхэнэ ардад..." эдлүүлж, "Улс төрийн бүх хэргийг ард түмнээс удирдан гүйцэтгэх явдлыг хүндэтгэнэ" хэмээн заажээ. Тиймдээ ч хоёр их гүрний дунд оршин тогтнодог Монгол Улсыг тусгаар тогтносон улс болоход томоохон хувь нэмэр оруулсан анхны Үндсэн хууль мэндэлсэн баярыг монголчууд бид тэмдэглэсээр олон жилийг үдэж байна.

Дэлхийд данстай бүх улс дотоодын хэм хэмжээг зохицуулах тулгуур хуультай, тэрхүү хуулийг батлан мөрдсөн өдрийг ард нийтийн баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тусгаар тогтносон Монгол Улсын 14 дүгээр он буюу 1924 оны энэ өдөр "Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд найрамдах бүрэн эрхтэй Ард Улс" хэмээн дотоод ба гадаадад тунхаглан зарлаж, хуульчлан бататгасныг ХХ зууны түүхэн дэх онцгой үйл явдал хэмээн үздэг.

Харилцан шүтэлцээ бүхий энэхүү түүхэн үйл явдлын үр шимээр өнөөдөр монголчуудын эдэлж буй олон эрх, эрх чөлөөг хуульчлан тогтоосон байдаг. Тухайлбал, бүх нийтээрээ бичиг үсэгт суралцах, эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил эрх тэгш байх, шашин шүтлэг болон хэвлэн нийтлэх эрх чөлөөний суурь чухам энэ цаг үеэс л тавигджээ. Он цагийн урсгалд баларч гээгдэхийн аргагүй энэ түүхэн үйл явдал бол 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны энэ өдөр тохиож Монголын түүхэнд бичигдэж үлдсэн юм.

 

 

 

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Бүрэн улсаа тунхагласан бүтэн баярын өдөр  
Үзсэн: 1497 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.57.93.xxx [103.57.93.xxx] 2015-11-26 14:53
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй