МЗЭ-ийн шагналт, шилдэг уран бүтээлийн "Алтан өд" шагналт, зохиолч, яруу найрагч Б.Баярсайханы "Арван сарын үдэш" өгүүллэг, яруу найргийн цэнгүүн боллоо. Энэ үдэш зохиолч Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын тайзнаа сонгодог, "амьд" хөгжмийн орчинд шүлэг яруу найргаа дуудаж, өгүүлэх урлагийн төлөөлөгчид түүний зохиол бүтээлээс сонордуулсан юм.
Уран бүтээлийн цэнгүүнд нэг ч дуучин оролцоогүй. Зөвхөн өгүүллэг, яруу найргийн уншлага болсноороо онцлогтой. Тиймээс ч үзэгч олныг цэвэр утга зохиолын хэмнэл рүү чиглүүлж, тухайн бүтээлийн үйл явдал, өрнөл дунд байлгаж чадсанаараа өвөрмөц болов. Сүүлийн үед манай зохиолчид ийм хэлбэрээр уран бүтээлээ хүргэх болсон нь зохиолч, яруу найрагч Б.Баярсайхан, П.Нямлхагва, А.Эрдэнэ-Очир нарын уран бүтээлийн бие даасан цэнгүүнүүдээс харагдах болсон.
"Арван сарын үдэш" тоглолтын үеэр ҮДЭТ-ийн "Түмэн хишигтэн", "Тал нутгийн төвөргөөн", "Уран хас" зэрэг томоохон бүтээлүүд уншиж буй шүлэг, өгүүллэгүүдийн ард эгшиглэж байлаа... Мөн ҮДБЭ-ийн удирдаач УГЗ Р.Ганбатын удирдсан дан хөгжмийн бүтээлийн тоглолт ч байсан юм. Энэ үдэш зохиолчийн "Эх шувуу шиг жиргэх юмсан", "Өшөө", "Улаахан агчийн гэгээ", "Үлдэх мөртэй хорвоо", "Үйлийн үрийн төлөөс" зэрэг шилмэл өгүүллэгүүд үзэгч олны дотоод сэтгэлийг баяр, гунигийг заагт уулзуулав. Түүнчлэн зохиолч өөрөө "Нутаг минь тоонот минь", "Хорвоотой эвлэрэх минь" зэрэг шүлгээ сонгодог хөгжмийн аязаар "чимэглэн" уншиж сонордууллаа.
Дээрх бүтээлүүд түүний энэ онд эмхэлсэн "Тэнгэрийн санаа", "Хөх тэнгэр" ботиудад орсон өгүүллэг нь юм. Зохиолч Бидэрийн Баярсайханы хувьд 1990-ээд оны үеийн манай утга зохиолийн ертөнцийн том төлөөлөгч юм. Тэрбээр тухайн цаг үед "Өлөгчин тэргүүт өгүүллэгүүд"-ээрээ утга зохиолын хаалгыг нээн орж ирсэн, яруу найраг, үргэлжилсэн үгээр туурвидаг авьяаслаг уран бүтээлч билээ.
"Арван сарын үдэш" уран бүтээлийн цэнгүүний фото:
Зохиолч Б.Баярсайханы уран бүтээлийн сонгодог үдэш боллоо | ||
Үзсэн: 2010 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.