Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг яг одоо Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байна. Уг хуулийн төслийг Засгийн газар өнгөрөгч хоёрдугаар сард өргөн мэдүүлсэн бөгөөд өнөөдөр эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилж байгаа юм.
УИХ дахь хуульчид болон хүний эрхийн төлөө дуугардаг гишүүд хүний эрхийг ноцтойгоор зөрчих нөхцөл байдлыг үүсгээд буй Эрүүгийн хуулийг шинэчлэх цаг болсон гэж үздэг бол парламентын туршлагатай хуульч, ахмад гишүүдийн нэг, цагтаа хууль зүйн салбарыг толгойлж явсан Ц.Нямдорж гишүүн энэ хуулийг эхнээс нь эсэргүүцсээр байна. Байнгын хорооны хуралдаан эхлэхийн өмнө эзгүй гишүүдийн картыг уншуулж “сахилгагүйтсэн” тэрбээр байр суурьдаа тууштай байна гэдгээ илэрхийлж, байнгын хорооны хуралдааныг орхин гарсан юм. Түүний араас Б.Чойжилсүрэн гишүүн мөн танхимаас гарч одлоо. Гэмт хэрэг үйлдсэн хойно хорихоос илүүтэй хүн ардыг гэмт халдлагаас хамаалах, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн мөн гэмт хэргийн үйлдэл бүрийг зааглаж, ял завшихаас сэргийлсэн, гэмт хэрэг, ял шийтгэлтэй холбоотой харилцаануудыг зохицуулахад ихээхэн дэвшил авчирж буй энэ хуулийн төслийг эсэргүүцэж буй цаад шалтгааныг өөрийн төрүүлсэн “хүүхэд”-ээ хамгаалах гэсэн арга хэмээн Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат тайлбарлаж байлаа. Нөгөөтэйгүүр, муу хууль үйлдвэрлэсэн бол дараа нь алдаагаа хүлээн зөвшөөрч, засч сурах нь сайн парламентчийн чанар юм сан хэмээн хашир хуульчийн өмнөөс харамсах гишүүн ч байлаа.
Эрүүгийн хуулийг эсэргүүцэх нь өөрийн төрүүлсэн “хүүхэд”-ээ хамгаалах гэсэн арга гэв | ||
Үзсэн: 1346 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.