
Хүн бүрт хүсэл бий. Гэхдээ хүсэл бүр ижил биш. Тэрхүү ижил бус, эгэл бус хүсэл мөрөөдлийг тээсэн нэгэн залуу өчигдөр “Тусгаар тогтнолын ордон”-ы тайзнаа анхны бие даасан тоглолтоо толилууллаа.
... Сэтгэлийн үгээ чамдаа би хэльюү гээд
Санааширч суусаар зөндөө удлаа даа
Сайхан сарнай минь соёолж гүйцээд
Саруул талаа чимэглэн ургалаа... хэмээх “Хайрын сарнай” дууг өнөө цагт амилуулан дуулж, олны хүртээл болгож яваа залуу дуучин Д.Мөнх-Эрдэнийн анхны бие даасан “Хүсэл биелнэ” тоглолтыг хөтлөгч Э.Гантулга эхлүүлсэн. Тэрбээр Мөөжигтэй 10 гаруй жил ах, дүүгийн холбоотой яваагаа өгүүлээд “Биеийн мэлмийг сэтгэлийн мэлмий гэрэлтүүлдэг” гэх гайхалтай үгийг залуу дуучинд урам болгон хэлж байв.
Мөөжигийн хувьд хоёр настайдаа нүдний хорт хавдраар өвдөж, нэг нүдээ авахуулж, дөрвөн настайдаа мөн л энэ өвчний улмаас нөгөө нүдээ алдаж, хорвоог харалгүй өдийг хүрсэн ч үнэхээр л хөтлөгчийн хэлснээр сэтгэлийн мэлмийгээрээ амьдралаа гэрэлтүүлсээр өчигдөр ийнхүү анхны бие даасан тоглолтоо толилуулж, өөрийн гэсэн сонсогчтой, хайрлаж түших гэр бүлтэй элэг бүтэн амьдарч явна.
Түүнтэй өмнө нь уулзаж байхад “Хөгжим бол миний нүд. Тиймээс би урлагт хайртай” хэмээн хэлж байв. Үнэхээр л тэр урлагт маш хайртай юм. Дуулах их хүсэлдээ хөтлөгдөн МУГЖ С.Хүрэлбаатараас “Хайрын сарнай”, “Найзууд” дууг нь дуулах албан ёсны эрхийг авч, клипжүүлэн олны хүртээл болгож, монголчуудын сонорыг мялааж явна.
Олонх хүн түүнийг хэн гэдгийг нь мэддэггүй байж болох ч
“Хуран цугласан нөхөд минь буцлаа
Хурынх шиг нулимс нүдийг минь бүрхлээ
Хун хундаа дасдгийн адилаар
Хүн хүндээ дасдаг юм байжээ” гэж дуулахыг нь андахгүй. Тиймээс л тэр бүтээлээрээ өөрийгөө алдаршуулсан нэгэн. Тоглолтыг үзэхээр ирсэн олон ч түүний тэрхүү гайхалтай дуу хоолойг сонсохоор ирсэн нь илт. Дууг зөвхөн хоолойгоороо бус сэтгэлээрээ дуулдаг юм аа гэдгийг тэр харуулсан.
Тоглолтын оргил хэсэг. Нэгэн цагт “Хайрын сарнай”, “Найзууд” дуугаар олныг уярааж явсан МУГЖ С.Хүрэлбаатар өнөө цагийн Хүрэлбаатар буюу Мөөжигтэй хамтран дуулсан. Хоёул хорвоог харах нүдгүй ч дуу тэднийг холбож байв. Урлаг гэдэг гайхалтай ажээ.
Түүний тоглолтод С.Хүрэлбаатар гавьяатаас гадна МУГЖ Ч.Амаржаргал, МУГЖ Ж.Уранчимэг, СТА Т.Дэлгэрмөрөн, хос дуучид болох Б.Болд, Э.Чулуунчимэг, “Outlaw”, “T.I” хамтлагийн залуус оролцсон.
“Амин нүдэн”, “Үггүй хайр” зэрэг уран бүтээлээрээ алдартай Ч.Амаржаргал гавьяатын хувьд өчигдрийн тоглолтод “Нартад ганцхан ээждээ”, “Учрал” дуунуудаа өргөн барьсан бол Урнаа гавьяат тайзыг ч, тоглолт үзэхээр ирсэн үзэгчдийг ч эстрад дуугаараа доргиож өгсөн. Тэрбээр нэгэн цагт Эрдэнэт хотод амьдарч, уран бүтээлээ туурвиж байсан гэдэг. Тэр үед гаргаж байсан “Оюутны намар” дуугаа тоглолтод дуулж, үзэгчдийн оюутны намар, илгээлтийн эзэн байх үеийг дурсан сануулсан юм.
Мөөжиг Эрдэнэт хотоор овоглож уран бүтээлээ туурвидаг. Эхнэр, хоёр хүүгийн хамт Орхон аймагт ажиллаж, амьдардаг тэрбээр дуулахын хажуугаар аймгийнхаа хараагүй иргэдийн эрх ашгийг хамгаалахын тулд өөрийн дуу хоолойгоо хүргэж яваа.
Ийм л хөдөлмөрч, уран бүтээлч залууд тоглолтод уригдсан дуучин бүр урмын үг хайрлаж, уран бүтээлээрээ түүний оюун бодолд өөрсдийн төрхийг дүрсэлж байв.
Хичээвэл хүрэхгүй, бүтэхгүй зүйл гэж байдаггүй гэдгийн баталгаа болсон Д.Мөнх-Эрдэнэ хэмээх залуугийн хүсэл ийнхүү биелсэн. Тэрбээр хүслээ биелүүлээд зогсохгүй аавынхаа ахыг олж, улам өнөр өтгөн гэр бүлийг бүрдүүлсэн.
Түүнийг ““Хүсэл биелнэ” хэмээх тоглолтынхоо талаар яриач ээ” гэж дуудах телевиз, сонин, радио, сайт, фм-үүд олон. Тэр бүгдэд цаг зав гарган оролцож явсан дуучин залуу руу нэг л өдөр “Аавын тань төрсөн ах байна аа” хэмээн нэгэн хүн залгасан гэнэ. Аавыгаа айлын өргөмөл ганц хүү хэмээн сэтгэж явсан эгч, дүү хоёрт авга ахыгаа олсон нь юутай ч зүйрлэшгүй их баяр байлаа. Магадгүй алс хол тэнгэрийн орноос харж суусан аав, ээж нь амин хоёр үрээ ах, дүүтэй нь уулзуулсан ч байж болох...
Хүсэл хязгааргүй гэдэг. Тэд дахин дүүрэн их хүслээр жигүүрлэсэн биз ээ...
Хүсэл биелэлээ оллоо | ||
Үзсэн: 810 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.