Дундговь аймгийн нутгийн группт 10 сартай хүүхдийг “хоолоо идсэнгүй” гэх шалтгаанаар зодож буй цэцэрлэгийн тогоочийн бичлэгийг нийтэлсэн байна. Энэхүү бичлэгт байх цэцэрлэгийн хувьд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг цорын ганц хувийн, төлбөртэй “Оюуны хөгжил” цэцэрлэг аж.
Энэ талаар аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас тодруулахад “Манай байгууллагаас Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 дахь заалтыг үндэслэн "Оюуны хөгжил" цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон. Багшийн хүүхэд зодсон үйлдэлтэй холбоотой асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулж байна” гэж мэдээлсэн бол аймгийн Цагдаагийн байгууллагатай холбогдоход “Хоёр хоногийн өмнө энэ хэрэгтэй холбоотой өргөдлийг хүлээн авсан. ЦЕГ-ын даргын тушаалаар хэвлэл мэдээлэлд мэдээлэл өгөхийг хориглосон учраас мэдээлэл өгөх боломжгүй байна. Мөрдөн байцаалтын явц үргэлжилж байгаа” гэлээ.
Харин хүүгийн аав аймгийн "Хаан банк"-нд ажилладаг бол ээж нь аймгийн театрт ажилладаг юм байна. Хэргийн талаар тодруулахаар хүүгийн аав Э.Бат-Очиртой холбогдлоо. Тэрбээр “Энэ бол олон удаагийн үйлдэл. Баримт нотолгоотой нь л манай хүүгийнх болохоос биш бусад хүүхдүүдийг ч мөн адил зоддог гэж байгаа юм. Энэ тогоочийг Ж.Отгонтөгс гэдэг. Цэцэрлэгийн эрхлэгчийн төрсөн дүү. Тиймээс бусдынхаа дэргэд илүү давуу эрхтэй, бусад багш нарыгаа дээрэлхдэг байсан гэж байгаа. Тухайн бичлэг хийдэг өдрийн өмнөх өдөр хүү маань цэцэрлэгээс маш их өлсчихсөн ирсэн. Тэгээд маргааш өглөө нь хүүгээ хүргэж өгөхдөө удирдлагуудад нь хоолыг нь жаахан нэмж болдоггүй юм уу. Дандаа өлссөн ирж байх юм гэх гомдол тавьсан. Харин удирдлага нь тогоочдоо хоолыг нь нэмж өгөөрэй гэх даалгавар өгсөн юм билээ. Тэгсэн нөгөө тогооч нь би өөрөө хооллоно гэж шаралхаад орохоор нь багш нь утсаа бичлэг дээр нь тавиад цонх нь дээрээ байрлуулчихсан байгаа юм. Тэгээд энэхүү бичлэг буусан. Тухайн бичлэг хийсэн багшийн хувьд залуу хүн. Өмнө нь ийм үйлдлүүд гаргаад байхаар нь багш нь тогоочид хэлсэн байгаа юм. Тэгсэн өөдөөс нь "Би чамайг халуулна. Ажилтай байх эсэхийг чинь би шийднэ” гэх зэргээр дарамталдаг байсан учраас яах аргагүй энэ бичлэгийг хийсэн гэж байгаа. Бид үзээд одоог хүртэл шокноосоо гарч чадахгүй байна. Анх есдүгээр сарын 1-нд хүүгээ цэцэрлэгт өгсөн цагаас хойш өвдөж эхэлсэн. Цаг тухай бүрт нь аймгийн эмнэлэгт үзүүлэхээр ханиад хүрсэн байна. Хүндэрсэн байна зэргээр эм өгөөд л, бид ч тэрийг нь мэдэхгүй учраас яваад л байсан. Одоо хүү маань унтаж байхдаа гар, хөл нь татдаг, толгойгоо сэгсэрч уйлаад байдаг болсон. Аймгийн эмнэлгээс тоймтой юм хэлэхгүй байгаа учраас ажлаасаа чөлөө аваад хүүгээ хотод үзүүлэх талаар бодож байна. Хүүг маань зодсон тогооч, цэвэрлэгч хүүхнийг ажлаас нь халахдаа тэр бичлэг хийсэн залуу багшийг бас хамт халчихсан байна лээ. Бичлэг хийсэн гээд л тэр байх. Би хүүгийнхээ ангийн хүүхдүүдийн эцэг, эхчүүдтэй уулзаж, бүгд хуулийн байгууллагад хандахаар шийдсэн. Учир нь энэ ганц удаагийн үйлдэл биш, ганцхан миний хүү ч зодуулаад байдаг бус бүгд л зодуулдаг байсан байгаа юм. Хууль хяналтын байгууллагууд нь хариуцлага тооцох байх гэж найдаад байж байна” гэж ярилаа.
Албан бус эх сурвалжийн ярьж буйгаар хүүхэд зодож буй тогооч, цэвэрлэгчийн эгч буюу эрхлэгч гэх эмэгтэй аймгийн бас нэгэн сургуульд багш хийдэг аж.
Бичлэгийг дэлгэрэнгүй үзнэ үү...
Цэцэрлэгийнхээ тогоочид зодуулсан хүүд татах шинж тэмдэг илэрдэг болжээ | ||
Үзсэн: 4086 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.