МҮОНТ Испанийн телевизийн бүтээл “Энэ бол дуурь” 30 ангит баримтат нэвтрүүлгийг үзэгчдэд хүргэж эхлээд байгаа билээ. Жинхэнэ шүтэн бишрэгчээс авахуулаад энэ урлагийн талаар огт мэддэггүй хүнд хүртэл ойлгогдохоор энгийн, сонирхолтой хэлбэрээр хийсэн энэ цуврал нэвтрүүлгийн гол зорилго нь дуурь, дуурийг бүтээсэн түүх болон түүний далд нууцуудыг тайлбарлан ярих юм.
Цувралаар хөтлөгч болон киноны баг дэлхийн олон улс орноор аялж, алдарт дуурийн дуучин, төгөлдөр хуурч, хөгжим судлаач болон бусад мэргэжлийн хүмүүсээс ярилцлага авч, дуурийн талаар санал бодлыг нь сонссон байдаг. Түүгээр ч барахгүй, анги болгонд тэд үзэгчдэд ойлгомжтой аргаар дуурийн зохиомжийн нууц, тодорхой нэгэн нот, хөгжмийн хэсгүүдийг онцгойлон үзүүлдэг.
Өнөө орой /12 дугаар сарын 4/ “Энэ бол дуурь” цувралын гарах дугаарт “Травиата” дуурийг танилцуулах болно.
Травиата
Хайр. Энэ бол Жюзеппе Вердгийн “Травиата” дуурийн үндсэн сэдэв. Тус бүтээлийг Александр Дюмагийн “Каммелия Хатагтай” зохиолд үндэслэн туурвисан бөгөөд тухайн үеийн дээдсийн хүрээнийхнийг зугаацуулагч, алдартай эмэгтэй Мари Дуплессисийн амьдралаас сэдэвлэсэн юм. Энэ удаагийн үйл явдал Парист өрнөнө. Парисын гудамжинд таарсан эгэл хүмүүс кино багийнхантай хайр сэтгэлийн түүхээ хуваалцаж, хайр тэдний амьдралыг хэрхэн өөрчилсөн тухай ярьсан билээ. Вердигийн дууриудын нийтлэг сэдвүүдийн нэгээхэн хэсэг, нөгөөтэйгүүр бүхий л мелодрам бүтээлийн үндсэн сэдэв болох хувь заяа, хүсэл тэмүүллийн тухай бид зохиолч сэтгүүлч Борис Изагиртай ярилцах болно. Мөн энэ хотын дуурийн театрт зочилсных, Алфредогийн эцгийн дүрийг хэдэнтээ бүтээсэн, Францын алдарт баритон Людовик Тезиер (Ludovic Tezier) болон өнөөгийн хамгийн шилдэг Травиата нарын нэг Германы сопрано дуучин Диана Дамрау (Diana Damrau) нартай уулзалгүй буцаж болшгүй.
Энэхүү дуулалт жүжгээрээ Верди тухайн цаг үе, тухайн нийгэмд тэр бүр дэлгэн үзүүлээд байдаггүй эмзэг нэгэн сэдвийг дэлгэн үзүүлснээрээ онцлогтой. Травиата дуурийг амьдралын дуу, бүх цаг үеийн хамгийн гайхамшигт хайрын түүхүүдийн нэг хэмээн нэрлэдэг. Зохиолч энэхүү бүтээлийн хөгжим, хүүрнэлээр дамжуулан хүмүүний амьдралын цорын ганц чухал зүйл бол “Хайрлах бас хайрлагдах" гэж хэлсэн мэт...
Хайр бол “Травиата” дуурийн гол сэдэв | ||
Үзсэн: 1813 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.