Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлын тоймыг хүргэе.
УИХ-ын чуулганаар энэ долоо хоногт Хамтын тэтгэврийн тухай хуулийг эцэслэн баталлаа. Төслийн анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн “Хамтын тэтгэврийн тухай хуулийг 2012 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс хойших хугацаанд буцаан хэрэглэх” гэсэн зарчмын зөрүүтэй саналыг “Хамтын тэтгэвэр олгох хугацааны хамрах хүрээг Засгийн газар журмаар тогтооно” гэж томьёолохоор Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос танилцуулсан. Хууль батлагдсанаар 15-аас дээш жил хамтдаа амьдарсан гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нас барлаа гэхэд түүний тэтгэврийн тодорхой хувийг үлдсэн нь өөрийн тэтгэвэр дээр нэмж авах боломжтой болж байгаа юм. Гэхдээ хувийг нь Засгийн газраас тогтооно. Түүнчлэн уг хууль 2012.01.01-нээс хойш эхнэр эсвэл нөхрөө алдсан хүмүүст хамаарна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын шинэ хууль ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. НӨАТ-ын тухай шинэ хууль, түүнийг дагасан өөрчлөлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншаарай.
Гэр хорооллын айл өрхүүд шөнийн цагт 50 хувийн хямдралтай цахилгаан, эрчим хүч хэрэглэх шийдвэр гарлаа. Айл өрхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 40 орчим хувийг орон сууцанд, 60 орчим хувийг гэр хороололд амьдарч буй хэрэглэгч эзэлдэг байна. Гэр хорооллын айл өрхийн хэрэглэсэн цахилгаан, эрчим хүчний шөнийн хэрэглээний үнэ тарифыг 50 хувиар бууруулах зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлснээр одоо энгийн тоолуур хэрэглэж байгаа хэрэглэгчид тарифт тоолуур болгон өөрчлөх шаардлагатай юм. Тоолуураа сольсноор оройн 21 цагаас өглөөний 06 цагийн хооронд хямд үнэтэй эрчим хүч хэрэглэж, цахилгаан эрчим хүчний төлбөр буурах нөхцөл бүрдэх юм.
Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан одоо мөрдөгдөж байгаа шөнийн тариф 77.10 төг/кВт.цаг байгаа бөгөөд 50 хувиар бууруулсан тохиолдолд 38.55 төг/кВт.цаг болж байна.
Нийслэлийн Нийтийн тээврийн хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалтаар авсан 20 эко автобусыг баасан гарагаас үйлчилгээнд гаргалаа. Уг автобусуудыг Ч:59 “ХМК-Офицеруудын ордон” чиглэлийн үйлчилгээнд ажиллуулж байна.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн Ч:57 “Улаан чулуут-Их наран-МУИС” чиглэлийг шинээр нээж 16 автобус 7 минутын хүлээгдлийн хугацаатайгаар үйлчилж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншаарай.
Энэ долоо хоногийн “Сайдын цаг” уулзалтад Зам тээврийн сайд М.Зоригт оролцлоо. Тэрбээр зам, тээврийн салбарын хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд Авто тээврийн тухай хууль, Авто замын тухай хууль, Төмөр замын тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, уг үзэл баримтлалын дагуу хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулан УИХ-д өргөн барихаар зэхэж байгаа аж. Түүнчлэн Тавантолгойгоос Сайншанд хүртэлх 445 км төмөр зам барих ажлын хөрөнгө оруулалтад Японы хамтын ажиллагааны банк оролцохоор санамж бичигт гарын үсэг зурсан тухай мэдээлсэн юм. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС унших боломжтой.
Энэ долоо хоногт олныг цочирдуулсан нэг хэрэг цахим ертөнцөд шуугиан тарилаа. Дундговь аймгийн “Оюуны хөгжил” цэцэрлэгийн тогооч 10 сартай хүүхдийг “хоолоо идсэнгүй” гэх шалтгаанаар зэрлэгээр зодсон байгаа юм. Одоогоор тус цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон байна. Дэлгэрэнгүй мэдээллийг манай сурвалжлагч О.Шинэтуяагийн бэлтгэснээр ЭНДЭЭС уншаарай.
Цаг агаарын мэдээ хүргэе. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч сулавтар байна. Өнөөдөр хангайн уулсаар, 6-нд баруун зүгийн нутгийн баруун хэсэг, говийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. 7-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 8-нд зарим газраар, 9-нд нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 6-нд Алтайн салбар уулсаар, 7-9-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч, цасан шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна | ||
Үзсэн: 760 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.