Шууд Chart

Залуусыг “заналхийлэгч”

2015-12-05 14:21:15

“Та халдвар тээгч үү...” Ингэж асуухаар зарим нь эгдүүцэн “Би биш” гэж, харин зарим нь “мэдэхгүй” гэж хариулах байх. Гэхдээ та өөрөө өөртөө хэр эзэн болдог вэ гэдгээ яг одоо үнэлж, дүгнээд үзээрэй.

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ ДОХ-той тэмцэх өдөр болгон зарлаж, энэ өвчнийг нэмэгдсэнийг, хэрхэн урьдчилан сэргийлэхийг ярилцацгаадаг. Гэтэл дэлхий нийтийг дөжрөөж, айдаст автуулсан энэ өвчнөөс илүүтэйгээр халдварт тэмбүү, заг хүйтэн, трихомониаз гэх өвчин аюулын харанга дэлдэж, үндэсний хэмжээнд яригдаж эхэлжээ. /Өвчний талаарх мэдээллийг энэ болон эндээс...

Цөөн баримт дурдъя.
ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын Тандалт Судалгааны Албанаас “Улсын хэмжээнд зонхилон тохиолдох бэлгийн замаар дамжих халдварын мэдээлэл”-ийг эхний есөн сарын байдлаар гаргажээ. Үр дүн нь айдас төрүүлэм...

Халдварт өвчнөөр өвчилж буй иргэдийн олонх нь буюу 46 хувь нь тэмбүү, 31 хувь нь заг хүйтэн, 23 хувь нь трихомониаз, 0.2 хувь нь ХДХВ, ДОХ-оор өвдсөн бол эдгээрийн насжилтын дунджийг тооцвол 15-35 насныхан байгаа юм.

Үерхэл нөхөрлөл, үнэт харилцааныхаа эхлэлийг тавьж буй залуу үеийнхэн ийнхүү халдварт өвчний халдлагад өртөх болж. Эмч мэргэжилтнүүдийн ярьж буйгаар залуусын олонх нь мэдлэг нимгэн, хэнэггүй, бэлгийн замбараагүй амьдралтай, эмнэлэгт очихоос ичдэг зэрэг олон шалтгаан тэднийг өвчлөлд хүргэж байгаа аж. Үнэхээр залуус маань мэдлэг нимгэн байна уу гэдгийг шалгахаар онлайнаар болоод уламжлалт аргуудыг ашиглан 15-35 насны залуусыг зургаан асуулттай судалгаанд хамрууллаа. Энэхүү судалгааг оюутнууд, сурагчид, 30-35 насныхан гэх байдлаар явуулсан бөгөөд судалгааны үр дүн эмч мэргэжилтнүүдийн ярьж байгааг баталсан гэж хэлж болно.  

Судалгаанд нийтдээ 30 гаруй хүн оролцсон бөгөөд тэдний олонх нь буюу 70 гаруй хувь нь “БЗДХ-т өвчинг нэрлэнэ үү” гэх асуултад ДОХ гэж хариулсан байна. ДОХ л халдварт өвчин болохоос бусдыг нь мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй тэдний хариулт нэг зүйлийг өгүүлэх шиг...

Бид ч гэлтгүй дэлхий нийт AIDS буюу ДОХ-ын талаар жил бүр ярьдаг. Энэ нь болохгүй шүү, хянамгай байгаарай, сэргийлээрэй гэх мессежийг залууст өгч чадаж байна. Гэтэл өөрийг нь бүр цаашилбал үр удмыг нь айдаст автуулах өнөө цагийн AIDS буюу тэмбүү, заг хүйтэн өвчнүүдийг яах вэ. Дахин баримт сөхье.

Энэ оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд 30 ээж төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрүүлсэн бол тэдгээрийн 48.2 хувь нь 25-34 насныхан, 44.4 хувь нь 20-24 насныхан, 7.4 хувь нь 15-19 насныхан байна.

Тэдний гэр бүлийн байдлыг харвал 55.6 хувь нь гэр бүлтэй, 44.4 хувь нь гэр бүлгүй.

Эндээс нэг гаргалгааг хийж болно. Нөхөр нь эхнэртэй, эхнэр нь нөхөртөө үнэнч байхыг эрхэмлэх ёсон. Учир нь БЗДХ-уудын ихэнх нь үнэнч харилцаан дээр суурилдаг билээ.

Уламжлалт аргаар авсан судалгааны үр дүнгээс харж байхад БЗДХ-ын талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй залуусын олонх нь тэрхүү мэдлэгээ ахлах сургуулийн эрүүл мэндийн хичээлээс олж авсан гэж байна. Гэтэл сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн хичээлийг ахлах сургуулиудын хичээлийн программаас хасч, байгалийн ухаан гэх мэт хичээлтэй хавсран заадаг болжээ. Ингэснээр ичиж зовсон ч өөрийн гэсэн мэдлэгтэй, ядахнаа бэлгэвчийг яаж хэрэглэхийг сураад төгсдөг өсвөр насныхан улам цөөрсөөр... Мэдээж амьдралын эрхээр тэд сурах л байх. Гэхдээ хүн бүр математикч болохгүй ч хүн бүр аав, ээж болдог гэдгийг шийдвэр гаргагчид мартсан байж болох. Ийнхүү эрүүл мэндийн хичээлийг хассанаас үүдэн МУБИС-д Эрүүл мэндийн багш мэргэжлээр суралцаж буй олон оюутан ажлын байргүй болж байгаа зэргээр олон асуудлыг бас дурдаж болно.

Өсвөр үеийнхэнд энэхүү аймшигт өвчнүүдийг зааж сургах хичээл нь байхгүй болчихсон энэ үед яах вэ. Сургуулийн эмч нар ядахнаа долоо хоногт нэг удаа сурагчдын дунд сургалт зохион байгуулж байна уу. Энэ талаар тодруулав.

Одоогоор улсын хэмжээнд 742 дунд сургууль байгаагаас 149 нь хувийн сургууль бол 103 нь гадаадын хөрөнгө оруулалттай сургууль, 590 орчим нь улсын өмчийн сургуулиуд байдаг байна. Эднийг бүгдийг нь хамруулж чадахгүй ч төлөөлөл болгон 30 сургуультай утсаар холбогдсон.

Хариулт өгсөн улсын сургуулиудын хувьд сургуулийн эмч нар нь зарим тохиолдолд буюу 12 дугаар сарын 1 гэх мэт дэлхий нийтийн тэмдэглэлт өдрөөр л сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулдаг, бусад үед зорьж ирсэн сурагчдад зөвлөгөө өгдөг гэнэ. Мэдээж орчин нөхцөл, тоног төхөөрөмжийн хувьд дутагдалтай учраас зөвлөгөө өгөхөөс хэтэрдэггүй талаараа ч тэд дурдаж байв. Харин хүүхдүүд “Толгой эргэлээ. Эм өгөөч” гэх зэргээр орж ирдэг болохоос энэ төрлийн өвчин ярьж орж ирэх нь бага гэнэ.

Хувийн сургуулиудын тухайд зарим сургуульд нь эмч ч алга. Тэрхүү сургуулиуд математик, гадаад хэл зэргээр гүнзгийрүүлсэн сургалт явуулдаг учраас эрүүл мэндийн хичээл заах багш байдаггүй юм байна. Сурагчид нь тухайн чиглэлийнхээ хичээлд л гүнзгийрч сурч байвал бусад хичээл нь яасан ч яахав гэж хариулах удирдлагуудтай ч таарч байв. Эсхүл нэр төдий хүнээр сургуулийн эмч хийлгэдэг газар ч байх.

Гадаадын хөрөнгө оруулалттай сургуулиудын хувьд нөхцөл байдал, тоног төхөөрөмж, сэтгэлгээний хувьд арай өөрөөр яригдах ч мөн л нэр төдий байсаар...

Хамгийн сонирхолтой нь Эрүүл мэндийн багш нарын ярьж буйгаар эцэг, эхчүүдээс “Сургалтын программаас нэг хичээл хас гэвэл ямар хичээлийг нэрлэх” гэх судалгааг авахад олонх нь “Эрүүл мэндийн хичээлийг хасах хэрэгтэй” гэсэн байгаа юм.

Нөхцөл байдал ийм байна. Гэтэл залуусыг заналхийлсэн тэмбүү, заг хүйтэн зэрэг өвчин залуужиж, цус сэлбэсээр... Энэ үед яах вэ.

Нэн тэргүүнд эцэг, эхчүүд өөрсдөө эрүүл мэнддээ анхаардаг, нөхөн үржихүй, халдварт өвчнүүдийн талаар мэддэг байя. Нэгэнт л өөрсдийн хүслээр эрүүл мэндийн хичээлийг хасуулж чадсан юм чинь өөрсдөө хүүхдүүддээ эрүүл мэндийн багш нь байцгаая.

Түүний дараа хувийн ч бай, хувьсгалын ч бай сургуулиудаа зайлшгүй сургуулийн эмчтэй болгох хэрэгтэй. Гэхдээ ам таглах төдийгөөр сэтгэж болохгүй. Тэрхүү эмч нар нь хүүхдүүддээ анхаарал тавьдаг, нөхөн үржихүй, халдварт өвчний талаар цаг тутам зөвлөдөг, сурагчидтайгаа ганцаарчилж уулздаг байя.

Хүн болох багаасаа гэдэгчлэн хүүхдүүдийг хар нялхаар нь математикч болгохоор бэлтгэж чадаж байгаа юм чинь улсын хэмжээнд, эсвэл хэн нэгэн хүний дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн гүнзгийрүүлсэн сургуулийг байгуулж яагаад болохгүй гэж. Тэрхүү сургуульд сурсан хүүхдүүдээ Анагаахын чиглэлээр гүнзгийрүүлж, мундаг эмч нар болгоё л доо...  Тэгж чадвал өнөөгийн тогтолцоо илүү хялбар болж, эмч нарийг тэр олон жил бэлтгэх шаардлагагүй болно шүү дээ. Үзэх ёстой анхан шатны болоод ахисан шатны зүйлсээ тэд сурагч үедээ мэдэж, академик чиглэлийнхээ сургалтыг их сургуулиасаа авчихаж болно. Ингэж байж чадвартай, мэрэгжилдээ хайртай эмч нартай болж чадна. Түүнээс гадна их сургуульд ороод өөрийгөө эмч болно гэдэгт эргэлзэн буцаж буй олон оюутны тоо цөөрөх биз.

Эцэс сүүлд нь үүнийг уншиж буй та хэн ч байсан өөртөө эзэн шиг эзэн байгаарай. Хайртай бүсгүйдээ, залуудаа, өөртөө үнэнч байгаагүйн төлөө өнөөдөр бус ч, өөр нэг өдөр таныг чиглэх тэрхүү заналхийлэгчээс хол байцгаая. Сар бүр биш юм гэхэд жилд нэг удаа зөвхөн өөртөө цаг гаргаж, БЗДХ-ын тандалт хийдэг газраар, “Улаан тууз” эмнэлгээр нэг орчихдог болъё.

Эмч мэргэжилтнүүд нь тэмбүү, заг хүйтэн, трихомониаз, ДОХ зэрэг сүртэй нэрсийг нь бус сүйрэл авчрах утга учрыг нь тайлбарладаг болъё.

Алдааг тань анхааралтай харан зогсож буй, аймшигт төрхтэй “Заналхийлэгч”-ээс сэрэмжилцгээе, эмээцгээе...

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Залуусыг “заналхийлэгч”  
Үзсэн: 4458 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
175.211.106.xxx [175.211.106.xxx] 2015-12-07 13:29
sexiin tuhai hicheel zaah heregtei. tend hamgiin gol n belgiin zamiin ovchnuudiig zaah , sergiileh tuhai zaah heregteishd
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-12-07 13:23
Шинэтуяа гэдэг хүүхэн ч БЗХӨ, ДОХ-оор болон ижил хүйстний талаар мэргэжлийн хүмүүсээс хол давсан мэдлэгтэй, судалгаатай юм байна даа
202.131.238.xxx [202.131.238.xxx] 2015-12-07 13:11
хаврын ноолуурын хампаанууд хотоос хөдөө рүү жаахан юм зөөгөө байлгүй дээ тэрнээс ингэж тархмааргүй л дээ өөр яав гэж одоо я найдвар тун бага байна шүү
Zochin [103.26.194.xxx] 2016-06-12 15:24
Xotinxon nertei xumus xamgin baliar zavan bdag yum bnle,xudunixun chini xarin yuch medexguide l uvchin xaldaj bgashde,xotinxon zavan xumus

Бидэнтэй нэгдээрэй