УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийсэн. Бүлгийн хуралдааны эхэнд журам ёсоор УИХ-ын дарга З.Энхболд болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар мэдээлэл хийсэн байна. Үүнээс гадна Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ард иргэдээс авсан судалгааны талаар бүлгийн гишүүдэд танилцуулжээ. Уг судалгааг 2000 орчим иргэнээс авсан байна. Судалгааны дүнг дэд дарга С.Одонтуяа танилцуулсан.
Үндсэн хуулийн зарим зүйлийг өөрчлөх нь зөв үү гэдэгт судалгаанд оролцсон иргэдийн 72 хувь нь зөв гэж хариулжээ. Түүнчлэн Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ард түмнээсээ асуух нь зөв үү гэдэг асуултад иргэдийн 80 хувь нь дэмжжээ. Үүнээс гадна сумын Засаг даргыг улс төрийн намууд нэр дэвшүүлж олонх болсон намын 10 гаруйхан хурлын төлөөлөгч шийддэгийг болиулж иргэдийн дундаас нэр дэвшүүлж сумын нийт иргэдийн саналаар сонгодог болох гэсэн санал 91.8 хувиар дэмжигдсэн байна. Мөн аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд шууд сонгох биш аймгийн хурлын төлөөлөгчид сонгодог байх саналыг иргэдийн олонх дэмжсэн байна.
Түүнчлэн УИХ-ын гишүүдийн 25 хувь нь гарын үсэг зурж, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцдэг одоогийн тогтолцоог халж 51 хувь болгон өөрчилж, Засгийн газрыг тогтвортой байдлыг хангах гэсэн саналыг 71 хувь нь зөв гэж үзжээ.
Засгийн газрын гишүүнийг УИХ томилж чөлөөлдөг. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг өргөн барьдаг нь буруу. Тиймээс Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ өөрөө томилж чөлөөлдөг болгож өөрчлөх гэдэг саналыг иргэдийн 54 хувь дэмжсэн байна.
Мөн Засгийн газрын 3-4 сайд нь л УИХ-ын гишүүн байх, “давхар дээл”-ийг цөөлөх асуудалд 76 хувь зөв гэж үзжээ. Аймгийн төвүүдийг сум биш хот болгож өөрчлөх нь зөв үү гэдэг саналд иргэдийн 67 хувь нь зөв гэж үзсэн байна. Түүнчлэн шүүх, прокурорын үйл ажиллагааг зөвхөн Ерөнхийлөгчөөс хамааралтай байгааг өөрчилж УИХ, Засгийн газрын оролцоог нэмэгдүүлж бие даасан байдлыг нь хангах гэдэг саналд 63 хувь нь зөв гэж үзжээ.
УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь зөв үү, буруу юу гэдэгт иргэдийн 79 хувь нь буруу гэж үзсэн байна. Мөн сонгуулийг таван жилд нэг удаа хийх нь зөв үү гэдэг саналд иргэдийн 51 хувь нь дэмжсэн байна. Эдгээр иргэнээс авсан санал асуулгын хариуг АН цаашид ажлыг чиг шугамаа болгоно гэдгийн бүлгийн дэд дарга хэлсэн юм.
Үүнээс гадна бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн гол асуудал нь Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийн асуудал байсан байна. АН-ын бүлэг УИХ-ын сонгуулийг явуулахдаа саналын хуудсан дээр Үндсэн хуульд орох өөрчлөлтүүдээ нэг бүрчлэн бичээд ард иргэдээс зэрэг санал асуулга явуулах нь зүйтэй гэсэн саналыг ярилцаж байгаа аж. Нэгэнт иргэд сонгуулиа өгөх гээд зардал гаргаад ирж байгаа учраас Ард нийтийн санал асуулга гэж дахин зардал гаргалгүй ингэж шийдэж болно гэж үзсэн байна.
Харин энэ саналыг МАН дэмжихгүй гэдгээ хэлжээ. Мөн МАН сонгуулийн санал тоолох машиныг ч дэмжихгүй, гараар тоолъё гээд байгаа нь технологийн дэвшлээсээ ухарч байгаа хэрэг боллоо гэдгийг Ш.Түвдэндорж гишүүн хэлсэн юм. Тиймээс АН-ын бүлгээс Сонгуулийн хуулиасаа урьтаж намуудын тухай хуулиа эхэлж ярилцъя гэдэг саналыг гаргаж байгаа аж. Түүнчлэн 12 дугаар сарын 25-ныг хүртэл хугацаа байгаа учир АН Сонгуулийн хууль, Үндсэн хуулийн өөрчлөлт болон Ард нийтийн санал асуулгын хуулийн талаар тууштай ажиллана гэдгийг Ш.Түвдэндорж гишүүн хэлсэн юм.
“МАН Сонгуулийн хуулийг дэмжихгүй байгаа болохоор эхлээд Намын тухай хуулиа ярья” | ||
Үзсэн: 784 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.