Хууль зүйн байнгын хороо өнөө өглөө 09:00 цагаас хуралдах байсан ч МАН-ын бүлэг завсарлага авснаар хуралдаан хойшиллоо. Хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын тайланг сонсохоор төлөвлөсөн нь Ардын намын бүлгийнхний эгдүүцлийг хүргэх шиг болов. Байнгын хороо 19 гишүүнтэй бөгөөд хуралдаанд 10 гишүүн ирсэн бол ирц бүрдсэнд тооцдог. Энэ өдрийн хуралдаанд АН-ын бүлгээс Д.Ганбат, Ж.Батзандан, Ц.Оюунгэрэл, Х.Тэмүүжин нар, “Шударга ёс” эвслээс З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, Ц.Оюунбаатар нар ирсэн. МАН-ын бүлгээс уг байнгын хороонд таван гишүүн харьяалагддаг бөгөөд Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж нар орж ирсэн ч Ц.Нямдорж гишүүн картаа уншуулсангүй. Үүний дараа бүлгийн дарга С.Бямбацогт “ирц бүрдээгүй” хэмээн өнөөдөр хэлэлцэх асуудлуудаар завсарлага авч буйгаа мэдэгдсэн юм. Ийнхүү Ардын намын бүлгээс тус байнгын хорооны хуралдаанд нэг ч гишүүн бүртгүүлэлгүй, зориудаар ирц тасалдуулж байгаа нь Өршөөлийн хууль хэрэгжиж буйд дургүйцлээ илэрхийлсэн хэрэг хэмээн хэлэх гишүүн ч байлаа.
Байнгын хороонд мэдээлэл өгөхөөр Улсын дээд шүүх, ЦЕГ, ШШГЕГ, Тахарын алба, ТЕГ зэрэг байгууллагуудын төлөөлөл ирсэн байсан. Р.Гончигдорж гишүүн “Өршөөлийн хуулийн хэрэгжилтийг сонсох шаардлагатай байгаа. Нэгэнт энэ олон хүн цаг зав гаргаад ирчихээд байгаа тул тэднээс мэдээлэл авахыг хүсч байна” гэсэн горимын санал гаргаснаар байнгын хорооны дарга хуралдаан завсарласныг мэдэгдэж, хуралдаан албан бус уулзалтаар үргэлжилсэн юм.
МАН-ын бүлэг Өршөөлийн тухай хуулийн тайланг сонсохоос завсарлага авлаа | ||
Үзсэн: 660 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.