Шууд Chart

МАН-ын бүлэг хар машиныг хяналтын тооллоготой болгохыг шаардлаа

2015-12-08 14:45:34

УИХ-ын сонгуулийн хуулийн төсөлтэй холбогдуулан МАН-ын бүлгийн баримталж буй байр суурийн талаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нар мэдээлэл хийлээ.

Сонгуулийн хуулийг өөрчлөхөд 20 хоногийн хуулийн хугацаа үлдээд байгаа энэ хариуцлагатай цаг үед сонгуулийн хуульд зайлшгүй шаардлагатай тодорхой өөрчлөлтүүдийг оруулах ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байгаа гэв. Түүнчлэн тус бүлгээс сонгуулийн саналыг хар машинаас гадна гар тооллогоор давхар тоолж баталгаажуулах ёстой гэж үзэж байгаа аж. Хар машины хэвийн үйл ажиллагааг хөндлөнгийн байгууллагаар урьдчилан баталгаажуулах зохицуулалтыг Сонгуулийн хуульд тусгах ёстой гэж үзсэн байна. Мөн намын жагсаалтаар орж ирсэн зарим хүн улс орон, ард түмний нийтлэг эрх ашиг гэхээсээ зөвхөн намдаа, намын удирдлагадаа үйлчлэх тохиолдол гарч байгаа учраас намыг биш хүнийг сонгодог тогтолцоог дэмжинэ гэж шийдсэн гэв. Үүнээс гадна СЕХ-г татан буулгаж, төв газар болгохыг МАН-ын бүлэг дэмжихгүй байгаа аж.

Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Шударга сонгууль явуулахын тулд хар машины эргэлзээг тайлахыг ард түмэн хүсч байгаа. Санал хураалтын дараа бүх саналыг гараар тоолж хар машины тооллогын дүнтэй таарч байна уу, зөрж байна уу гэдгийг яагаад хийж болдоггүй юм бэ. Эрх баригчид хар машинаар хяналтын тооллого хийлгэхгүй гээд байгаа нь улам эргэлзээ төрүүлж байна" гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Хэрэв хар машин үнэхээр асуудалгүй бол хэвлэл мэдээллийнхэн, мэдээллийн технологийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн өмнө тавьж байгаад баталгаажуулах хэрэгтэй. Энэ машин хаана байгаа нь ч мэдэгдэхгүй байгаа учраас эргэлзээ үүсч байгаа. Тийм учраас манай бүлэг хар машины хэвийн үйл ажиллагааг хөндлөнгийн байгууллагаар урьдчилан баталгаажуулах зохицуулалтыг сонгуулийн хуульд оруулах саналыг тавьж байгаа" гэв. МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа "Хар машинтай холбогдсон эргэлзээ яагаад гараад байна вэ гэхээр 2012 оны орон нутгийн сонгуулийн дүн өмнөх сонгуулийн эцсийн дүнгээс хамгийн удаан хугацаанд гарсан. Уг нь хар машинаар маш хурдан тоолно гэж хүлээж байсан ч бидний хүсэн хүлээсэн үр дүн ажиглагдаагүй. Тиймээс хар машины санал тооллогын дүнг гараар давхар баталгаажуулъя гэсэн санал тавьж байна" гэлээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

МАН-ын бүлэг хар машиныг хяналтын тооллоготой болгохыг шаардлаа  
Үзсэн: 829 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй