Өнгөрсөн даваа гарагт Кени улсын хэдэн арван тамирчид авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг хэргээ хүлээж, ажлаа хүлээлгэж өгөхийг шаардаж суулт хийн эсэргүүцжээ. Тус улсын цагдаагийн газраас Хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Исайх Киплагат, дэд ерөнхийлөгч Дэвид Окиёо, нярав Жосеф Кинюага нарыг авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан байцаалт авсан ба тэднийг “Найк” спорт хувцасны компаниас 700 мянган ам.доллар (£460 мянга) хувьдаа завшсан хэмээн буруутгаж байгаа юм байна. Гэвч хэрэгт холбогдсон албан тушаалтнууд болон “Найк” компани үүнийг эрс няцааж байгаа аж.
Жагсагчид Найроби дахь төв байранд өглөөний 7.30 цагт дайран орж, ажилчдыг гарахыг шаардаж, өөрсдөө дотор нь байрласан байна. 40-50 тамирчдаас бүрдсэн жагсагчид “Авлига гэртээ харих цаг нь болсон”, “Бидэнд шинэ үндсэн хууль хэрэгтэй” зэрэг уриаг барьсан байх ба тэд “Найк спорт хувцасны компаниас нууцаар мөнгө авсан Кенийн Хөнгөн атлетикийн холбооны дээд албан тушаалтнуудын эсрэг босч байна. Мөн хөнгөн атлетикийн тамирчдын нийгмийн хангамжийн асуудал, допингийн асуудлыг удаа дараа хэлэлцэхгүй, анхаарахгүй орхигдуулсаар байгааг анхаарах хэрэгтэй” гэсэн шаардлагуудыг тавьжээ.
Энэхүү жагсаалын талаар Кени Улсын Мэргэжлийн тамирчдын холбооноос “Энэ бол Хөнгөн атлетикийн холбооны удирдлагыг цэвэрлэх нэгдсэн арга хэмжээ болж байна. Хүр бүр эдгээр албан тушаалтнуудын эсрэг гомдол гаргаж байна. Допингтой холбоотой асуудлыг тэд л гаргасан. Гүйлтийн тамирчид ямар их өвдөлтийг мэдэрдгийг бид мэдэж байгаа учраас энэхүү эсэргүүцлийн арга хэмжээг дэмжиж байна” гэдгээ мэдэгдсэн байна.
Эх сурвалж: theguardian.com
Тамирчид авлигыг эсэргүүцэн жагслаа | ||
Үзсэн: 1270 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.