Шууд Chart

Таван хөгжимчин, таван өөр хөгжмийн зэмсгээр "Виртуосо"-д тоглолоо

2015-12-10 10:24:50

Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа өчигдөр таван шилдэг хөгжимчин, таван өөр хөгжмийн зэмсэг бүхий “Virtuoso Gala Concert 2015” 13 дахь удаагийн сонгодог хөгжмийн тоглолт боллоо.

Өөрөөр хэлбэл, энэ тоглолтод мэргэжлийн ур чадвараар шалгарсан таван хөгжимчин оролцсон гэсэн үг. Монгол түмний хайртай ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, морин хуурч Д.Шинэцог, Итали улсын Хөгжмийн академийг төгсөөд ирсэн төгөлдөр хуурч, Ямаха артист С.Одгэрэл, эвэр бүрээч, сүүлийн үед хөгжмийн зохиол түлхүү бичиж, бүтээлүүд нь гадаадад олонтаа тоглогдож байгаа О.Чинбат, шилдэг залуу хийлч Х.Санчир нар энэ тоглолтод оролцсон юм.

 

Тэд гоцолж, Улсын филармонийн симфони найрал хөгжим, удирдаач Д.Нямдаш, Б.Батбаатар нарын удирдлагаар нэгэн сонгодог үдшийг бүрдүүлсэн. Одоогоос 15 жилийн өмнө, 2000 онд энэ тоглолтыг төгөлдөр хуурч М.Цогбадрах санаачлан эхлүүлсэн байдаг. Аливаад цаг хугацаа, өөрчлөлт, дэвшил гэж байдгийн адил 15 жилийн дараах сонгодог хөгжмийн "Virtuoso" шилдэг хөгжимчдийн тоглолт тэр зарчмаар энэ жил хөгжимчдийн ур чадвар, чансаанд илүү анхаарчээ.

Харин нэг хөгжимчнийг энд онцолмоор санагдав... Морин хуураас гарч болох уламжлалт болоод орчин үеийн гайхалтай техникүүдийг харуулсан аргагүй өөр мэдрэмжийг энэ үдэш гарамгай хуурч Доржнямын Шинэцог үзэгчдийн сонорт хүргэлээ.  Тэрбээр “Virtuoso Gala Concert 2015”-д хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын морин хуур, симфони найрал хөгжимд зориулсан III концертыг тоглосон. Монгол аяз, морин хуур, хөгжимчин гурав сэтгэлд ойрхон сонсогдов. Уран бүтээлээ сэтгэлээсээ амилуулдаг болох нь илүү их мэдрэгдэж, хөгжим дээр нь түүний хөлс дусалж байсан нь нэгэн торгон эгшин байлаа.

Энэ залуугийн олон улсад гаргасан амжилтаас дурдахад Австрийн Ф.Шубертын нэрэмжит “International music completion-2013”-ын гоцлол хөгжмийн төрлийн тэргүүн байрын шагналтай. Болгар улсад болсон Язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс “Домог” чуулгаараа Гран при шагнал хүртэж, дэлхийн язгуур урлагийн үнэмлэхүй аварга цолын эзэн болсон. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, Төрийн дээд “Алтан гадас” одонтой юм билээ.

Бусад дөрвөн хөгжимчин ч олон улсад хөл тавьсан, төрөл төрөлдөө танигдаж яваа уран бүтээлчид. Энэ удаагийн “Virtuoso Gala Concert 2015”-д хийл, төгөлдөр хуур, эвэр бүрээ, ятга, морин хуур гээд таван өөр эрхэмсэг хөгжмийн зэмсэг, олон улсын зэрэглэлийн таван өөр хөгжимчинтэй жинхэнэ утгаараа "гала концерт" боллоо. 

Нэрт ятгач, соёлын элч Чулуунбатын МӨНХ-ЭРДЭНЭ

 

Шилдэг залуу хийлч Халиуны САНЧИР

 

Манлай эвэр бүрээч Орхонбаатарын ЧИНБАТ

Төгөлдөр хуурч, Ямаха артист Сампилноровын ОДГЭРЭЛ



















Нийтэлсэн: Б.Батхолбоо

Таван хөгжимчин, таван өөр хөгжмийн зэмсгээр "Виртуосо"-д тоглолоо   
Үзсэн: 1389 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2015-12-11 00:42
uneheer gaihamshigtai morin hurch umaa ene Shinecog

Бидэнтэй нэгдээрэй