![](/uploads/201309/news/thumb/937d5c3b1ef553a5d4f6624cec8ad2de_x3.jpg)
Төрийн ордны хашаа руу гар бөмбөг шидэж, “Централ тауэр” болон Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд тэсрэх бөмбөг байрлуулсан “Гал үндэстэн” холбооныхон нийгмийг тэр чигт нь цочроов.
Түүгээр зогсохгүй төрийн ордны хойд талын төмөр хаалгаар гурван буу, 7,62 мм-ын голчтой 36 ширхэг сум, есөн ширхэг гар гранат, бусад тэслэгчтэй нэвтэрч, ордон айдас хүйдсийн дунд онц байдал зарлах дээрээ хүртэл туллаа.
Монголын гол мөрнүүдийг хамгаалах хөдөлгөөний тэргүүн, “Гал үндэстэн” холбооны удирдагч Ц.Мөнхбаяр Онги голын хөдөлгөөнийг анх санаачилж, хэвлэлийнхний хараанд өртөж байсан. Тэр ч байтугай 2007 онд Дэлхийн байгаль хамгаалагчдын Goldman Environmental Prize гэдэг хүндтэй шагнал авч, 150 мянган доллар хүртсэн бол National Geographic сэтгүүл түүнийг ундны усыг хамгаалагч шилдэг дэлхийн хүнээр 2007 онд шалгаруулж байсан удаатай. Гэвч байгалийн сайн сайхны төлөөх үйлсээрээ дэлхийд данстай тэмцэгч маань гэнэт ингэж аашилсан нь хачирхалтай.
Тэдний авч явсан, ашиглахыг завдсан гэх зэвсгүүд тэсэрч дэлбэрсэн бол олон хүний амь нас, эд хөрөнгө сүйдэж болох байв. Тодруулбал, төрийн ордны хашаа руу шидсэн гар бөмбөг нь байлдааны зориулалттай F1 буюу ширмэн гадартай хориглолтын гар бөмбөг байсан. Тэрхүү бөмбөгийг нуувч, ухсан нүх, саравчин дотор байгаа цэргийн албан хаагчдыг устгахын тулд шидэж ашигладаг аж. Энэ гар бөмбөг дэлбэрэхэд ширэмний хэлтэрхий асар хүчтэй цацарч, 200 метр радиуст байгаа хүмүүсийг устгах хүчин чадалтай байжээ. Харин уг гар бөмбөгийг шидэхдээ тэслэгчийг нь холбоогүй байсан учир дэлбэрэлт болоогүй юм.
Мөн “Централ тауэр” болон Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд тэсрэх бөмбөг байрлуулсныг олж илрүүлсэн. Барилгаас олдсон зүйлийг шинжлэхэд “Тортел” хэмээх тэсрэх бодис байсан бөгөөд энэ нь тэсрэх бөмбөгийн үндсэн түүхий эд, зэвсэгт хүчний зориулалттай тэслэгч аж. Нийтдээ 200 гр тортел байсан ба үүгээр 40 тонн жинтэй хатуу биетийг задалж болох байжээ. Хэрэв тортел дэлбэрсэн бол шилэн хана, хаалгатай “Централ тауэр” дороосоо нурж, маш олон хүнд аюул учруулж мэдэх байсан гэх.
Илрүүлсэн зэвсгийн тоо үүгээр зогсчихсонгүй. Өнөөдөр ТЕГ, ЦЕГ-ын хамтран хийсэн мэдээллээр шалгалтын явцад гранат 11, гранат тэслүүлэгч 10, Сайга маркийн гар буу 1, гар буу 1, том жижиг бууны сум 101, торотил 11, тетанатр 9 ш, бууны замаг 1 ширхэг зэрэг зүйлүүдийг илрүүлжээ. Гэхдээ шалгалт үргэлжлэн явагдаж байгаа тул чухам хаанаас олсноо тодорхой хэлэх боломжгүй гэнэ.
Харин тус холбооныхны зүгээс хийж буй тайлбартаа “Манай хөдөлгөөнийхөнд галт зэвсэг байхгүй. Энд тэнд тэсрэх бөмбөг тавихгүй. Жагсаал зохион байгуулахаар бол хуулийнх нь дагуу зөвшөөрөл авна. Төрийн ордон руу буу бариад орсон манай гурван хүн бол өөрсдийнхөө амьдралыг золиосолсон хүмүүс. Тэд эцсийнхээ аргыг хэрэглэсэн нь тэр” хэмээсэн.
Энэ мэтээр Ц.Мөнхбаяр тэргүүтэнд төрийн ордны хашаанд буу мөрлөн орж, хэд хэдэн газарт аюултай тэсрэх бөмбөг тавин байж төртэй тэрслэх хэрэг чухам юу байв, ганцхан урт нэртэй хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулахын эсрэг ийм алхам хийсэн гэхэд одоо хэн ч үнэмшихгүй. Тэр их зэвсэг хаанаас гараад ирэв, үнэхээр “Гал үндэстэн” холбооныхон төрийн эргэлт хийхээр санаархав уу, нийгэмд цочроо өгөхийн тулд ийн аашлав уу гэх асуултууд ар араасаа ундарна.
Хэрэг гарснаас хойш Ц.Мөнхбаяр тэргүүтэнг муулах хүмүүс олширсоор. Тухайлбал, “АУМ алт” ХХК-ийн захирал Ц.Мягмардорж гэгч “Ц.Мөнхбаяр төрийн эргэлт хийнэ. Нэг тэрбум төгрөг өг гэж шаардсан. Би түүнд нийт 67 сая төгрөг урьд өмнө өгч байсан ч тийм санал тавихад нь өгөөгүй” хэмээн ярилцлага өгөв.
Улмаар “Мөнхбаяр байнга буу гаргадаг. Мөнгө нэхдэг” гэх утгатай яриаг уул уурхай, алтны компаниудын удирдлагууд ам үгссэн мэт ярьсаар байгаа нь басхүү Ц.Мөнхбаярыг үнэхээр монгол газар шороо гол усныхаа ариун дагшин байдлыг хамгаалан тэмцэгч мөн үү гэсэн хардлага төрнө.
Нөгөө талаас унасан дээр нь гишгэлэхийн үлгэрээр өөрсдийн сайн дураар Ц.Мөнхбаярт мөнгө цутгаж орхиод хэрэг бишдээд ирэхээр, хамаг булхайгаа баривчлагдсан нэгэн лүгээ чихээд байж болох.
Ямартай ч хэргийн учиг хэрхэн тайлагдах нь тодорхойгүй байна. Одоогоор Ц.Мөнхбаяр нарын хэргийг эрүүгийн хуулийн 177.1-р зүйл буюу “Эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуулахад шууд буюу шууд бус нөлөөлөх зорилгоор, олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн нийтэд аюултай хүч хэрэглэсэн буюу хэрэглэхээр заналхийлсэн бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” , 91.2.13-т зааснаар “нийтэд аюултай аргаар” гэх үндэслэлүүдээр эрүү үүсгэн шалгаж байгаа юм.
Ц.Мөнхбаяр нарын хэрэг нэг хэсэгтээ л дуулиан шуугианы шинжтэй байх нь. Гэвч монгол төрийн халдашгүй дархан байдал, үндэсний аюулгүй байдал, төрийн ордноо хүндлэн үзэх үнэлэмж гээд олон олон зүйлд сөргөөр нөлөөлж, нийгмийг цочролд оруулсан энэ хэрэг үнэн мөнөөрөө шийдэгдэхийг л ард түмэн хүлээж байна.
Ц.Мөнхбаяр гол усны ариун дагшин байдлын төлөө тэмцэгч мөн үү, эсвэл... | ||
Үзсэн: 7207 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.