Шууд Chart

Хүүхдийн мөнгийг ямар бүлэгт олгох вэ

2015-12-16 11:54:18

Өнгөрсөн даваа гарагт хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар ирэх онд Хүний хөгжлийн сангаас олгодог хүүхдийн мөнгийг зөвхөн Монгол Улсын өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн 1-17 бүлэгт багтсан айл өрхийн хүүхдүүдэд олгохоор болсон.

Тодруулбал эдгээр бүлэгт багтсан 823 мянга орчим хүүхдэд  хүүхдийн мөнгө олгоно. Харин амьдралын боломжтой, амьжиргааны түвшин дээгүүр 18-20 дугаар бүлэгт хамрагдсан айлын 100 мянга орчим хүүхдэд хүүхдийн мөнгө олгохгүй гэсэн үг юм.

Өрхийн амьжиргааны түвшнийг тодорхойлох судалгааг 2013 онд Нийгмийн халамж, үйлчилгээний газраас явуулж, нийт 712 мянган өрхийн 2.3 сая иргэнийг хамруулжээ. Ингэхдээ өрх бүрийн өдөр тутам, сарын хэрэглээнд суурилан 1000 хүртэлх оноогоор үнэлгээ өгч, 20 бүлэгт хуваан эрэмбэлжээ.

2012 оны 10 дугаар сараас эхлэн Хүний хөгжил сангаас хишиг хувь болгон хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөг олгож эхэлсэн. 2015 оны 11 дүгээр сард 1 сая 27 мянга орчим хүүхдэд хүүхдийн мөнгө олгосон бөгөөд Хүний хөгжил сангийн 2015 оны төсөвт уг арга хэмжээнд зориулан 240 тэрбум төгрөгийг тусгаад байна. Хүний хөгжил сангийн 2016 оны төсөвт 144 тэрбум төгрөг баталсан нь 2015 оны төсвөөс 40 хувиар буурсан дүн юм.

Хэрэв амьжиргааны түвшин дунд, эсвэл тааруу өрх энэхүү өрхийн мэдээллийн нэгдсэн санд хамрагдаагүй бол 2016 оноос өмнө шинээр бүртгүүлж, хамрагдах боломжтой юм. Мөн иргэд өрхийн  амьжиргааны түвшний аль бүлэгт хамрагдсанаа мэдэхгүй байгаа бол хороо, сум, аймаг, дүүргийнхээ нийгмийн халамжийн хэлтэс, мэргэжилтэнд хандаж тодруулах юм.

Нийтэлсэн: О.Энхмаа

Хүүхдийн мөнгийг ямар бүлэгт олгох вэ  
Үзсэн: 739 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй