Шууд Chart

Монгол багачуудад үндэсний баатар хэрэгтэй

2015-12-17 10:42:36

Саяханы нэг өдөр ээж маань гурван настай зээтэйгээ хамт тоглож байснаа “Миний хүү чинь яасан их гадаад үг мэддэг юм бэ” гэж билээ. Би гайхаад ямар үг хэлээд байгааг сонстол “Батмэн, Суперман, Халк, Спайдермэн, Айронмэн, Ахмад Америк”  гээд л үргэлжлүүлж байна.  

Ээжийн маань мэддэггүй тэр гадаад үгнүүд хүүгийн минь хамгийн сайн мэддэг үлгэрийн баатруудын нэр юм. Манай хүүгийн тоглоомын хайрцганд Суперман, Халк, Спайдермэний дуугардаг, явдаг, алхдаг тоглоом, тэдний зураг, дүрстэй дэвтэр, үзэг, наадаг зураг хүртэл бий. Хөвгүүдийн гэлтгүй монгол багачуудын тоглоомын  хайрцганд өнөөдөр тийм л тоглоомууд байдаг.

Эцэг, эхчүүд нь тийм тоглоом сонгож өгдөгтөө биш, хүүхдүүдийн орчинд гадаад үлгэрийн баатар илүү олон байдагт л учир нь байгаа хэрэг. Телевизээр гарч байгаа хүүхэлдэйн киноны баатар, дэлгүүрт худалдаалагдаж буй тоглоом ч ялгаагүй гадаад үлгэрийн баатрууд. Монгол хүүхдүүд тэднийг л дуурайж, тэднээр л бяцхан төсөөллөө үргэлжлүүлдэг.

Угтаа бол багачуудад маань үндэсний баатар хэрэгтэй байна. Тэр баатрыг нь хүүхдүүд өөрсдөө хүлээн зөвшөөрөөд, тэднээс үлгэр дуурайлал авдаг баймаар байна. Одоо байгаа арилжааны бүтээгдэхүүнд зориулагдсан ганц, хоёрхон баатар шиг биш. Тухайлбал, “Цондоолой, Цүндээлэй” бол бага насны хүүхдүүдэд тохирохоор л үлгэрийн баатрууд. Харин бүтээгчид нь энэ баатруудаараа зөвхөн комик ном зэрэгхэнийг хийж түүнийг нь хотын төвийн сүлжээ хэдэн дэлгүүрт л худалдаална. “Бумбардай” цуврал үлгэр ч гэсэн улс орны хэмжээнд биш, үнэтэй ном хүүхэддээ авч өгөх чадалтай эцэг, эхчүүдэд зориулагдсан мэт.

Нөгөө талаасаа манайд хийгдэж байгаа хүүхэлдэйн кино, бүтээгдэж байгаа ном нь телевизээр хүүхдүүдийн үздэг бусад орнуудын өнгөлөг, тэдний анхаарлыг татаж чаддаг бүтээлүүдийн хажууд нэгдүгээр курсын оюутны дадлагын ажил шиг л байдаг. Манайд тэр хэмжээний зураг зураад, зохиол бичээд, хүүхэлдэйн кино бүтээх  чадвартай уран бүтээлчид байхгүй биш. Зөндөө бий. Харин тэднийг үнэлж зах зээлийг нь бий болгож чадахгүй байгаа юм.

Манай улсад ерөөс хүүхдийн гэх тодотголтой юм бүхэн хаягдаж, орхигдож байгаа тухай би эргэцүүлэн бодож сууна. Хүүхдийн дуу, шүлэг, ном, хүүхэлдэй гээд тэдэнд зориулагдсан юм бүхэн үндэсний агуулгатай байх ёстой. Тэгж байж багачууд өглөө бүр цэцэрлэг дээр нь яагаад төрийн дууллыг дуулуулдгийн учрыг нь олно. Тэгж байж эцэг, эхээ хайрлаж хүндлэх, эх орноо хамгаалахын үнэ цэнийг ойлгоно. Хүүхэддээ гадаад хэл заалгахгүй байвал л эх оронч хүн болчихгүй. Хамгийн гол нь хүүхдийн тань тоглож байгаа тоглоом, цээжилж байгаа шүлэг, дуу, үзэж байгаа кино, дуурайж байгаа баатрын үг, яриа, үйлдэл, агуулга нь зөв байх ёстой юм.

Үндэсний баатруудыг бий болгоход мэдээж анхаарах зүйл их бий. Эрх цагаан ишиг шиг баримлын шавраар хийсэн хүүхэлдэйг одоо хүүхдүүд төдийлөн анхаарч харж суухгүй л болов уу. Тэр хэрээр тэднийг үлгэр дуурайллаа ч болгохгүй. Одоо цагт хамгийн эхлээд өнгөлөг, дараа нь үйл явдал нь сонирхолтой бүтээл бидэнд хэрэгтэй. Мэдээж үүндээ л үндэсний агуулгаа шингээсэн байх нь чухал.

Зөвхөн нэг жилийн дараа үр дүн нь гарна гэж яаралгүй, тав, арван жилийн дараа үр дүн нь гарч, одоо хэлд орж, хүүхэлдэй сонирхож эхэлж байгаа хүүхэд сургуульд орохдоо өөрийн гэсэн үндэсний баатраа үлгэр дуурайлал болгосон байх тийм л хэмжээний ажлыг бид хийх ёстой. Энэ бол бодлогын түвшний ажил. Зөвхөн сонгуульд нэр дэвшихдээ тойргийнхоо сонгогчдод ажил хийсэн болж харагдах гэж хичээдэгтэй огтхон ч адилгүй юм.

Монгол багачууд бүгдээрээ гадаад дуу дуулж, бидний ч сайн мэдэхгүй нисдэг, төмөр робот болдог баатрыг үлгэр дуурайллаа болгохоос нь өмнө үндэсний баатрыг бий болгохсон доо.  

Нийтэлсэн: О.Энхмаа

Монгол багачуудад үндэсний баатар хэрэгтэй  
Үзсэн: 10190 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.26.xxx [202.179.26.xxx] 2015-12-17 20:34
Тонголоороо сэигэхээ больсон болохоор хэдэн арван жилээр уламжлагдан ирсэн Бадарчин,Боролдой,гэх мэт үлгэр дууриалын баатрууд хэл хугарчих гэсэн баатруудаар солигдлоо шүү дээ....Одоо тэр Бумбардай комиксын баатрыг дэмжих хэрэгтэй байна даа...
182.160.3.xxx [182.160.3.xxx] 2015-12-17 19:21
Монгол спадермэн гаргах хэрэгтэй. Зохиолчид фантаазаа сайн хөгжүүлэх хэрэгтэй
202.21.120.xxx [202.21.120.xxx] 2015-12-17 14:54
солонгос гэхэд дандаа эзлэгдэж явсан, бараг үндэсний баатар гэх юмгүй мөртлөө баахан эх оронч кино хийгээд байдаг. гэтэл манайх үе дамжсан хэдэн зуун баатарлаг хүмүүс байдаг түүгээрээ уран бүтээл хийдэггүй бусдыг хуулсан эротик эсвэл дээрэм тонуул сурталдсан кино хийдэг шүү дээ
202.21.120.xxx [202.21.120.xxx] 2015-12-17 14:50
монгол ардын хэдэн зуугаар тогтохгүй урт богино үлгэрүүд б.на аа. зарим нь мартагдсан ч номонд үлдсэн үлгэрийн баатрууд аа том жижиг гэлтгүй хүн ардаа танилцуулж энд тэндхийн самбар сурталчилгаанд ашиглах хэрэгтэй б.на аа.одоо дандаа гадаад хүүхдийн киноны баатруудыг үзүүлдэг монгол юм үзүүлдэггүй тэй холбоотой
122.201.21.xxx [122.201.21.xxx] 2015-12-17 12:53
bidend baatar ers shig ih bayalag bhgvide. tuuhen domog bolson uwug deedsee ur hoich uyedee yaj bol yaj taniulj meduulj bno nuuts towchoogoor tsuwral nom anime hiij boloh blgvide. medeej odoo tsagt n niitssen baatar baih heregtei gewch. manai ard tumen aliwaa hiij buteesen zuilee ewdej suitgej bna gej bodoh sanah harahiig tseereldeg. tiimes bidend iim ulgeriin yertuntsud bdgvi baatruud hereggve. hun hen negen id shidiin baatart bus uurtuu itgeh n chuhal gedgiig huuhed bagachuudad tanij meduulj oilguulah heregtei magadgvi saitama shig ch ymu hahahha
175.211.106.xxx [175.211.106.xxx] 2015-12-17 12:01
uls bolgond ooriin characteruud olon baidag mongold baihgui hogjilgui dorou durakuud uchraas l hiihgui baigaa

Бидэнтэй нэгдээрэй