![](/uploads/201512/news/thumb/9ba0913edb7fea157e0e906729aafdbe_x3.jpg)
Хятадын төв банк буюу Ардын банк БНХАУ-ын үндэсний мөнгөн тэмдэгт юанийн америк доллартай харьцах ханшийг өнөөдөр 131 суурь пунктаар доошлууллаа. Ингэснээр нэг америк доллар 6.47 юаньтай тэнцэх болж, 2011 оны зургаадугаар сараас хойших хамгийн доод үзүүлэлтэд хүрч байна.
Шинжээчид Хятадын ардын банкны энэ шийдвэрийг ирэх оны 10 дугаар сард юань ОУВС-ийн нөөцийн валют буюу “Зээлжих тусгай эрх”-ийн сагсанд ороход бэлтгэх шаардлагатай холбон авч үзэж байна. Тус сагсанд багтсанаар Хятадын юанийн эрэлт нэмэгдэж, хүү нь мэдэгдэхүйц өсөж мэдэх юм. Хятадын Төв банк “Тооцооллын аргачлалаа боловсронгуй болгох” шийдвэрээ зарласан энэ оны наймдугаар сараас доллартай харьцах юанийн солилцох ханш бүрдэх механизмын шинэчлэл эхэлсэн юм. Үүний дараа гурав хоногийн хугацаанд юанийн америк доллартай харьцах ханш 4.6 хувиар суларч, 6.40 юань 1 доллартай тэнцэх болсон.
Хожим нь Хятадын валютын ханш чангарсаар 11 дүгээр сарын 2 гэхэд 6.31 юань нэг доллартай тэнцэх хэмжээнд очсон юм. Гэвч дараа нь дахиад ханш нь суларч эхэлсэн юм. Энд сануулахад, ОУВС-ийн гүйцэтгэх зөвлөл Хятадын мөнгөн тэмдэгтийг 2016 оны 10 дугаар сарын 1-нээс зээлжих тусгай эрхийн сагсанд оруулах шийдвэр гаргасан. Хятадын төрийн зөвлөл энэ шийдвэрийг талархан хүлээн авч, “Юанийн ханшийн тогтвортой байдлыг хангаж, түүнийг ухаалаг, тэнцвэртэй түвшинд барих” бодлогоо үргэлжлүүлэхээ мэдэгдсэн юм.
Хятадын төв банк юанийн ханшийг бууруулав | ||
Үзсэн: 493 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.