Дэлхийн бүх халуун энэ хонхорт хурчихсан юм шиг. Хав халуун илч, хав халуун уур, хав халуун амьсгал бүх биеийг дулаацуулна. Халуун хэвтэр, бүлээн суудал, халуун агаар, Шаргалжуутын шар наран хотын их утаанд сульдсан уушги, зүрх, бие махбодийг шинэчлэн сэргээнэ.
Шарласан өвс ганхаж, шаазгай шувуу шагширч, Шаргалжуутын гол шаагиж, сарлаг үхэр тайван идээшилнэ. Нэг л тайван, нэг л эрхэмсэг. Дөрвөн зүгээс хүмүүн цугласныг илтгэж, дөрвөд хэлээр утсаар шулганах нь содон. Уулын голын урсгал чагнан юуг ч юм бодож суух дэндүү жаргалтай. Дэлхийд ховорхон энэ амь халуун усыг өдгөө бидэнд үлдээсэн өвөг дээдсийнхээ өмнө сөгдөе. Их том бэлэг дээ.
“Шаргалжуут”
/Ая бүтээгчдэд зориулав/
Ургах нарыг тольдсон
Уран долгиот Шаргалжуут
Удам дамжин шүтэгдсэн
Дондов , Лхамын савдгууд
Асгаран , асгаран урсах
Рашааны мянган ундаргатай
Ивлэн , ивлэн урсах
Эрдэнийн мөнгөн ундаргатай
Хүмүүн заяаг тэтгэсэн
Газрын амин судал
Хөх тэнгэрээс заяасан
Галтай амь ус
Дахилт:
Буурал , буурал уулсын
Буяны өлгий Шаргалжуут
Буман үеийн шүтээнтэй
Бурхны орон Шаргалжуут
Суман хар загас нь
Усаа дагаж цэнгэсэн
Сувдан хөх рашаанд нь
Зүгийн хүмүүс жаргасан
Газрын гүнээс ивлэсэн
Эхийн цагаан сүү
Гантай халуунд татраагүй
Ээлийн цагаан ундарга
Дахилт:
Буурал , буурал уулсын
Буяны өлгий Шаргалжуут
Буман үеийн шүтээнтэй
Бурхны орон Шаргалжуут
2О15 он 8-р сар Шаргалжуут.
Шаргалжуутын намар | ||
Үзсэн: 1433 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.