
Царайг нь нэг ч хараагүй аавынхаа
Цээжинд нь тэврүүлж ч үзээгүй охин заяа
Танд хэлэх нулимсаар зуурсан хэдэн үг
Тээгэлдчихээд хэнхдэг цээж хагалах нь ээ аав аа
Санасан би зөндөө санасан аавыгаа
Сэтгэлдээ дүрийг нь ургуулан байж санасан
Мөрөөдөхдөө бусдын аавуудыг ажигласан
Мөрөн дээр нь жаргасан хүүхдүүдэд нь атаархсан
Эрвээхэй хөгжөөх залуухан зунаар
Ээжийг минь цэцэг нь байхад
Хоромхон ч холдолгүй бал хүртэх гэсэн шиг
Хоргоож итгэл төрүүлсэн томоогүй хүн ээ
Үгэнд чинь найдан өөрийгөө танд зориулсан
Үрийг чинь төрүүлж үйлээ ганцаараа туулсан
Тэр л эмэгтэйд амласан хуримын тангараг чинь
Тэвэрт нь өссөн надад олдоогүй шүү аав аа
Хорвоогийн аавууд сайнтай, муутай л байна.
Харин миний эцэг ямар хүн гэдгийг нь ч би мэдэхгүй
Хамаагүй л дээ охиныхоо дэргэд байвал
Хог ухдаг гуйлгачин байсан ч яадаг юм
Нүүрээ угаасан байхад нь үнсүүлж нэг тайвширна
Нүүрлэх асуудлын дунд тэврүүлж нэг зоригжино
Нүүж буусан амьдралд бүтэн өсөх байсан
Нөмгөн жиндүү явахдаа илчинд чинь дулаацах байсан
Ааваараа дутсан би өөртөө итгэлгүй болсон
Амьдрал шударга бус санагдаад заргалдаж явдаг болсон
Аав аа тэр цагт та хаана байсан юм бэ?
Асгарах нулимс хүртэл өнчин урсдаг байсан
Элэг бүтэн хүүхдүүд цаанаа л нэг өөр юм
Эрэмгий, зоригтой, золбоолог явдаг юм байна лээ
Ээжийгээ би голоогүй ээ харин ч бахархдаг
Эцгийн орон зайг нөхөх гэж илүү ч ядарсан байх
Царайд нь нэг ч хүрээгүй аавынхаа
Цээжинд нь тэврүүлж ч үзээгүй өнчин заяа
Зориулж хэлэх зовлонгоор хачирласан үг
Зовхинд багтахгүй нулимс болон үерлэх нь...
Дутсан би танаар дэндүү дутсан
Дуулахад аав гэдэг үгийг танихгүй түгдрэн гацсан
Дуу, нулимс болон чимээгүй урссан
Дэргэдэх хүмүүсээ санааширтал нь гиюүрсэн
Одоо амьд үгүйг нь ч мэдэхгүй аав аа
Орчлонд би охинтой хүн гэж зүрх чинь танд хэлдэггүй юм уу?
Олж уулзаад үнсэхсэн гэж сэтгэл чинь танд шивнэдэггүй юм уу?
Омголон зангийн чинь үлдэгдэл би байна
Ял асууж нуруунд чинь ачаа болох гэж биш
Ядаж таныг хагас ч гэсэн таних л гэсэн юм
Цаг хугацаа өнгөрөхөд хэн, хэн маань булшлагдана
Царай зүс тань үгүйрэхээс өмнө ганц ч гэсэн харах л гэсэн юм
Тулганы галаа унтраахгүй гэж энгэрт минь ижий заяа бий
Толгой өөдөө амьдраг гэж нэрэнд минь таны овог байгаа
Тодхон бичээд үлдээ гэж цусанд минь удам, угсаа бий
Тоглоом нь хатуу орчлон дээр таныг хайсаар цөхрөх нь ээ охин чинь
Ясыг тань өвлөж төрсөн охиноороо хөлөө нэг хучуулаач
Ядарч туйлдсан өдрүүддээ үрээрээ хувцсаа нэг угаалгаач
Би алдсан эр хүн гэж өөртөө зэмлэл үүрэлгүй
Биеийн минь тасархай байдаг юм гэж эргээд нэг хараач
Өнгөрснийг буцааж болдоггүй өчигдөр өчигдрөөрөө л үлдэг
Өнөөдөр хагацлыг бус учирлыг зурж явна охин нь
Зүгээр ээ аав минь уучлал бүгдийг эдгээдэг гэж
Зодож эрхлүүлсэн амьдрал эзгүйд тань намайг сургасаан.
Цаг хугацаа таныг нэхэн зүрхэнд лугшсан, би бодсон...
Цус удмаа нэхэн эзэндээ өгүүлэхэд нь, би шүлэглэсэн...
Царайг нь огт танихгүй эцэгтээ зориулж, би бичсэн...
Цаашид хэн нэг нь үүн шиг л бүү харуусаг гэж, би хүссэн...
Ч.Тунгалагтуяа
Царайг нь нэг ч хараагүй аавдаа... | ||
Үзсэн: 1391 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.