Шууд Chart

"Ургацын далай" нэвтрүүлгийн нэрэмжит "Алтан түрүү" шагналын эзэд тодорлоо

2015-12-24 15:31:20

МҮОНР-гийн “Ургацын далай” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан түрүү-2015” шагнал гардуулах ёслол өнөөдөр боллоо. МҮОНРТ-ийн удирдлагууд хөдөө аж ахуйн салбартаа ургац хураалт, тариалах арга технологиороо тэргүүлсэн дөрвөн аж ахуйн нэгж, хувь хүнд шагналыг нь гардуулан өглөө. 

Энэ жилийн хөдөө аж ахуйн салбарын оны тэргүүн “Алтан түрүү” шагналын “Шилдэг агрономич” төрөлд Т.Төрмандах, “Шилдэг менежер” төрөлд Ц.Эрдэнэ, “Шилдэг механикжуулагч” төрөлд Т.Ханбүргэд, “Шилдэг ногоочин”-оор Л.Доржсүрэн нар шалгарлаа. 28 дахь жилдээ болж буй “Ургацын далай” нэвтрүүлгийн “Алтан түрүү” шагналын эзэд энэ жилийг тариалалт, ургац хураалт, цаг уурын гээд олон зүйлээр онцлог жил байсныг хэлж байна.

"Ургацын далай" нэвтрүүлэг бол социализмын үед Радио, телевизийн төв хорооноос бодлогын түвшинд эрхэлж байсан анхны нэвтрүүлгүүдийн нэг юм. Энэ нэвтрүүлэг өнөөдөр ч манай улсын хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын дуу хоолой, бас ташуур болон 51 дэх жилдээ долгион дамжиж байна. Нэвтрүүлгийг бүдүүн дуут хэмээх СЗГ Б.Цэдэндамбаа агснаас эхлээд цөөн хэдэн редактор эрхэлж ирсэн байдаг. Өнөө цагт тус нэвтрүүлгийг МЗЭ-ийн шагналт, сэтгүүлч яруу найрагч Лханаагийн Мөнхтөр эрхэлж байгаа юм.

Шилдэг агрономич шагнал гардсан Т.Төрмандахын хувьд газар тариалангийн салбарт 30 дахь жилдээ ажиллаж байна. Тэрээр сүүлийн 11 жил төмсний хэрэгцээг дотооддоо хангах, Монгол сортыг гаргаж нутагшуулах үйлсэд ололттой ажилласнаар уг шагналыг хүртжээ. Мөн энэ үеэр Монголын тариаланчдын холбооны ерөнхийлөгч н.Пэрэнлэй газар тариалангийн салбарын өнөөгийн төлөв байдал, МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарь “Ургацын далай” нэвтрүүлгийн түүхэн үүрэг, Радио долгионоор 50 гаруй жил дамжсан статистикийг гаргаж хэлсэн нь ихээхэн анхаарал татаж байлаа.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Ургацын далай" нэвтрүүлгийн нэрэмжит "Алтан түрүү" шагналын эзэд тодорлоо   
Үзсэн: 1127 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй