Уулын цанын 2015 оны "Дэлхийн цом"-ын ээлжит гараа өчигдөр Итали улсын "Мадонна ди Кампиглио" цанын баазад эрэгтэйчүүдийн "слалом" ангиллаар явагдлаа.
Сүүлийн хоёр гараанд Норвеги улсын баг тамирчид шилдэг нь байж медальт байруудад шалгараад байсан. Тэгвэл энэ удаад ч гэсэн Норвегийн баг тамирчид илүү гэдгээ харууллаа. 2014 оны Сочигийн өвлийн олимпийн наадмын хүрэл медальт, Норвеги улсын тамирчин Хенрик Кристоферсон энэ улиралд хоёр дахь удаагаа "слалом" ангилалд түрүүллээ.
Өдгөө 21 настай Хенрик Кристоферсон нийт замаа 1 минут 37.80 секундын хугацаанд туулж, барианд орж ирснээр энэ удаагийн гарааны ялагч болсон юм.
Түүний араас 2014 оны Сочигийн өвлийн олимпийн мөнгөн медальт Австри улсын тамирчин Марсел Хиршер орж ирлээ. Тэрээр Кристоферсоноос 1.25 секунд хоцорч, 1 минут 39.05 секунд хурдалж барианд орж ирсэн. Харин түүний араас Хиршереес 0.29 секунд хоцорч, 1 минут 39.39 секундэд хурдалж, гуравдугаар байрт орж ирсэн тамирчин бол түүний багийн анд Марко Шварц байлаа.
Энэ удаагийн гарааны дараах байдлаар Австри улсын тамирчин Марсел Хиршер 623 оноотой дэлхийн цомыг тэргүүлж байгаа бол түүний араас Норвеги улсын тамирчин Свиндал 600 оноотой, Жител Янсрууд 407 оноотой эхний гуравдугаар байрт явж байна.
Уулын цанын "Дэлхийн цом"-ыг Марсел Хиршер тэргүүлж байна | ||
Үзсэн: 1357 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.