![](/uploads/201512/news/thumb/cb0eec3d28570643c4ce769afa07a1dd_x3.jpg)
АНУ Украины хямралтай холбогдуулан ОХУ-д тавьсан хориг арга хэмжээгээ нэмэгдүүллээ. Америкийн Засгийн газар Украины нөхцөл байдлаас шалтгаалан Москвад үзүүлэх шахалтаа нэмэгдүүлэх үүднээс хориг арга хэмжээний жагсаалтад ОХУ-ын хувь хүн, байгууллагуудыг нэмж оруулсан байна.
АНУ-ын Сангийн яамны мэдээлж байгаагаар хориг арга хэмжээнд Оросын 34 хувь хүн, аж ахуйн нэгжийг нэмсэн байна. Мөн Вашингтон тэдний Америк дахь хөрөнгийг царцааж, Америк иргэдийг хоригт багтсан Оросын иргэд, байгууллагуудтай хамтарч ажиллахыг хориглож байна. Америкийн энэхүү хоригт ОХУ-ын Ерөнхийлөгч болон Украины зүүн нутагт Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчдын удирдлагуудтай ойр харилцаатай хувь хүн, байгууллагууд багтсан байна. Мөн тэдний зарим нь Европын холбооны хоригт багтсан хувь хүн, аж ахуйн нэгж ч буй юм байна. АНУ-ын Засгийн газар Украины зүүн нутагт Засгийн газрын арми болон Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчдын хооронд гал зогсоох гэрээ хүчин төгөлдөр хэрэгжих хүртэл Москвад шахалт үзүүлнэ гэдгээ мэдэгдээд байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Америкийн энэхүү шийдвэрт харамсаж байгаагаа илэрхийлж, энэ нь хоёр улсын харилцаанд муугаар нөлөөлнө гэдгийг онцолсон байна. Мөн ОХУ Вашингтоны нэмэлт хоригийн эсрэг хариу арга хэмжээ авна гэж анхааруулжээ.
АНУ ОХУ-д тавьсан хоригоо нэмэгдүүлэв | ||
Үзсэн: 1384 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.