Монголын Утга Зохиол Судлалын Төвөөс эрхлэн “Монголын найман Богд”, “Амжилтанд хүрэх буян”, “Эрин зууны дурлал” гэсэн гурван бүтээлийг олны хүртээл болгож, энэ сарын 29-нд 14.00 цагаас “Интерном” номын их дэлгүүрт нээлтээ хийх гэж байна. Монголын Утга зохиол судлалын төвийн тэргүүн Д.Гүн-Үйлстээс энэ талаар тодрууллаа.
- Танай төвөөс гурван бүтээлийн нээлт зэрэг хийхээр болсон гэсэн.
- Ном бүтээн туурвих, оюуны үйл ажиллагаа явуулах үндсэн ажил маань амжилттай явж байна. Хамгийн сүүлд гэхэд, “Хаадын Сан”-гаас олгосон зөвшөөрлийн дагуу хэвлэгдэх “Монголын найман Богд”, миний өөрийн бүтээл “Эрин зууны дурлал”, “Амжилтад хүрэх буян” номын нээлтийг зэрэг хийхээр төлөвлөөд байгаа. Ажлын маань гол агуулга нь номын тоонд биш, уран бүтээлдээ байгаа юм. “Монголын найман Богд” гэхэд үе үеийн Богдын намтар цадиг, айлдвар сургаал, бошиг лүндэнг дэлгэрэнгүй толилуулсан томоохон бүтээл болсон. “Эрин зууны дурлал” бол дэлхийн тэнгэрлиг найрагч У.Шекспирийн хайрын сонетууд болон А.Пушкиний уянгын шүлгүүдээс дээжлэн орчуулсан бүтээлийн эмхэтгэл юм. “Амжилтад хүрэх буян” бол сонсдог ном. Манай нэрт жүжигчин, дуун өгүүлэгч Г.Равдан уншиж, миний эрхэм найз Х.Бат-Очир аялгууг нь зохиосон. Манайхан хаа нэгтэйгээс зөвшөөрөлгүй хөгжим авч ашиглачихаад зохиогчийн эрх энэ тэр гээд асуудал үүсдэг. Тэгэхээр сонсдог ном маань өөрийн гэсэн хөгжимтэй бие даасан бүтээл гэсэн үг.
-Сонсдог номд юу өгүүлдэг бол?
-Амжилтад хүрэхийг эрмэлздэг бол хэн бүхний эрүүл саруул хүслэн. Амжилттай байж, алс хэтийн зорилгоо биелүүлэхэд бидэнд нэг л юм дутагдаад байгаа мэт санаддаг. Гол нь амжилтанд хүрэхэд “буян” хэрэгтэй. Түүнийг бий болгох өгөгдөхүүн гэж бий. Энэ тухай хүмүүст хүргэхийг зорьсон юм.
Монголын Утга Зохиол Судлалын төвөөс гурван бүтээлийн нээлт зэрэг хийхээр боллоо | ||
Үзсэн: 2238 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.