Шууд Chart

ОХУ-ын хоригоос Туркийн эдийн засагт 10 тэрбум ам.долларын хохирол учирна

2016-01-04 14:16:52

Өнгөрсөн 11 дүгээр сард Туркийн тал хил зөрчсөн шалтгаанаар Оросын Су-24 онгоцыг сөнөөсөн. Үүнтэй холбогдуулан Туркийн эсрэг Оросын тогтоосон эдийн засгийн хориг арга хэмжээ нэгдүгээр сарын 1-нээс үйлчилж эхлээд байна. Энэ хүрээнд Туркээс Орост нийлүүлдэг 17 төрлийн хүнсний бүтээгдэхүүн, тэдгээрийн дотор гол төлөв жимс, хүнсний ногооны экспортод хориг тогтоож байгаа юм. Турк улс жил бүр ОХУ-д нийлүүлсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээсээ 800 гаруй сая америк долларын ашиг олдог байжээ. Үүнээс гадна хоёр орны хоорондох захиалгат нислэгүүд цуцлагдаад байсан. Үүн дээр нэмэн өнгөрсөн бямба гарагаас Орос Туркийн иргэд харилцан визгүй зорчих журмыг албан ёсоор цуцлалаа.

Мөн Оросын компаниуд Туркээс ажилчин хөлслөх, Туркийн компаниуд Орост барилга, хот байгуулалт, аялал жуулчлал, зочид буудлын үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулах эрхгүй болсон байна. Ингэснээр Туркийн эдийн засагт нийтдээ 10 гаруй тэрбум америк долларын хохирол учирна гэж шинжээчид тооцоолж байна. Оросын эдийн засаг, аялал жуулчлалын салбар ч мөн хохирол амсах төлөвтэй байгаа юм.

Өчигдөр Оросын харилцаа холбооны сайдын олон нийтийн сүлжээн дэх хаяг Туркийн хакеруудын цахим халдлагад өртсөн нь хоёр орны харилцаанд улам том ан цав гарч байгааг харууллаа гэж ажиглагчид дүгнэж байна. Үүнээс гадна өнгөрсөн сард Туркийн 300 мянга гаруй цахим хуудас хариуцдаг интернэт серверт хэд хэдэн халдлага гарсан. Эдгээр нь Оросын хакеруудын зохион байгуулсан хэрэг гэж Туркийн хэвлэлд мэдээлж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

ОХУ-ын хоригоос Туркийн эдийн засагт 10 тэрбум ам.долларын хохирол учирна  
Үзсэн: 885 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй