Шууд Chart

Батсүмбэрийн асрамжийн газрыг бүрэн өөрчилнө

2016-01-05 10:31:59

Манай улсад ганц байдаг Батсүмбэрийн ахмадын асрамжийн төвийг бүрэн өөрчлөхөөр ажиллаж байгаа гэдгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 

Өнгөрсөн жил Батсүмбэрийн асрамжийн газрыг шинэчлэх ажилд зориулж 3.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Хамгийн түрүүнд ахмадын асрамжийн газрын нэрийг өөрчилж Улсын ахмадын асрамж хөгжлийн үндэсний төв нэртэй болжээ. Үүнээс гадна үндсэн байранд бүрэн засвар хийж эмчилгээний бүх тоног төхөөрөмжүүдийг шинэчилсэн байна. Мөн үндсэн барилгынх нь хажууд 120 ахмад хүлээн авах хүчин чадалтай гурван давхар өргөтгөл барьж байгаа бөгөөд ингэснээр Улсын ахмадын асрамж хөгжлийн үндэсний төв нэг ээлжиндээ 250 ахмад хүлээн авах чадалтай болох юм байна. Үндсэндээ үйл ажиллагааны чиглэлийг нь өөрчилж байгаа аж.

Үүнээс гадна энэхүү Ахмадын асрамж хөгжлийн үндэсний төвийн хажууд 500 метрийн зайтай Ахмадын нөхөн сэргээх эмчилгээ сувилгааны нэг ээлжийндээ 300 хүн хүлээж авах хүчин чадалтай төвийг 6.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бариад одоо дуусч байгаа бөгөөд ашиглалтад ороход бэлэн болсон байна.

Хүмүүсийн дунд бий болсон Батсүмбэрт хаягдсан хөгшчүүл очдог гэх ойлголтыг халахын тулд хажууд нь зориуд ингэж нөхөн сэргээх эмчилгээ сувилгааны төвийг байгуулж байгаа гэдгийг мөн салбарын сайд нь хэлж байсан. С.Эрдэнэ сайдын хэлснээр яваандаа Ахмадын асрамж хөгжлийн төвд зөвхөн гэр оронгүй, харах хүнгүй болсон ахмадууд очдог биш, хүссэн ахмадууд очиж эмчилгээ үйлчилгээ авах боломжтой болно гэсэн юм.

Яг ийм цогц хэлбэрийн ахмадын төвийг улсын хэмжээнд бүсчлээд тавыг байгуулахаар төлөвлөж байгаа аж. Хангайн бүсийнхийг Хөвсгөл аймагт, зүүн бүсийнхийг Дорнод, говийн бүсийнхийг Өмнөговь болон Дундговь аймгийн аль нэгэнд, баруун бүсийнхийг Увс болон Ховд аймгийн аль нэгэнд хийхээр төлөвлөж байгаа ажээ. Энэ онд улсын төсөв хүндрэлтэй байгаа учраас ирэх оноос энэхүү Ахмадын хөгжлийн төв байгуулах ажлыг үндсэндээ эхлүүлэх юм байна.

Нийтэлсэн: О.Энхмаа

Батсүмбэрийн асрамжийн газрыг бүрэн өөрчилнө  
Үзсэн: 2511 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй