![](/uploads/201601/news/thumb/db97aa0c07f06b2544e9c1397d4bd249_x3.jpg)
Хятад улс Ази, Европыг холбосон Торгоны замыг сэргээх санаачилга дэвшүүлэн, үүнийг ажил хэрэг болгоход дэмжлэг үзүүлэхээр 40 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Энэ хөрөнгийг “Хятадын даатгалын хөрөнгө оруулалтын сан”-гаас гаргажээ. 300 тэрбум юанийн хөрөнгөтэй Хятадын хөрөнгө оруулалтын санг орон сууцны шинэчлэл, хотын дэд бүтэц, ус нөөцлөх байгууламж зэргийг бүтээн байгуулах, мөн Хятадын “Торгоны зам эдийн засгийн бүс” болон “Далайн торгоны зам” санаачилгад дэмжлэг үзүүлэх зорилгоор үүсгэн байгуулжээ. Тус сангийн олгосон хөрөнгөөр Ази, Европ, Африкт боомт байгуулах төслүүд, мөн Оросоос Хятад руу чиглэсэн шингэрүүлсэн хий тээвэрлэх хоолой байгуулахад зарцуулах төлөвлөгөөтэй байна.
Торгоны замыг 21 дүгээр зуунд сэргээн босгох Хятадын санаачилга нь 60 гаруй орны нутаг, тэдгээрт оршин суугаа 4.4 тэрбум хүн амыг хамрах юм. Энэхүү санаачилгын хүрээнд Европ, Азийн улс орнуудыг эдийн засгийн хувьд холбох, ойртон нягтруулах, үүгээрээ дамжуулан олон улсын тавцанд Хятадын гүйцэтгэх үүрэг оролцоог нэмэгдүүлэхийг Хятадын дарга Си Зиньпин зорьж байна. Сүүлийн жилүүдэд Өрнөдийн орнууд эрүүл мэнд, эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог өсгөн нэмэгдүүлэх, иргэний нийгмийг дэмжих болон авлига, хээл хахуультай тэмцэхэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийх болсон.
Харин Хятад улс зам, боомт, цахилгаан дамжуулах шугам сүлжээ, төмөр зам, нисэх буудал зэргийг олон тоогоор нэмж байгуулан, дэд бүтцээ хөгжүүлэх бодлого баримталж байгаа юм. Улмаар тус улс шинэ Торгоны замын дагуу дэд бүтцийн төслүүд хэрэгжүүлснээр худалдаа, харилцаа холбооны өргөн сүлжээ үүснэ. Энэ сүлжээгээр дамжуулан 20-30 жилийн дараа ажиллах хүчний шилжилт эрчимтэйгээр явагдаж, Хятад болон бусад хөгжингүй орнуудад шинэ зах зээл, өртөг өндөртэй таваар үйлдвэрлэх үйлдвэрүүд олноор байгуулагдана гэж ажиглагчид таамаглаж байна. Харин тус улсын хөдөлмөрлөх хүчинд суурилсан үйлдвэрүүд хөгжлөөр буурай өөр бусад улс руу шилжин байрших төлөвтэй байна.
Торгоны замыг сэргээхэд 40 тэрбум юанийн хөрөнгө оруулжээ | ||
Үзсэн: 504 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.