Шууд Chart

Египет улсад жуулчдын эсрэг зэвсэгт халдлага гарчээ

2016-01-11 13:36:59

Хургада хотын "Белла Виста" зочид буудалд зэвсэгт халдлага гарсантай холбогдуулан Египетийн эрх баригчид энэ хот дахь аялал жуулчлалын бүх төвийг хамгаалалтад авч, хотод онц байдал тогтоогоод байна. Хот руу орж, гарах бүх хөдөлгөөнийг хаажээ.

Египетийн Дотоод хэргийн яамны төлөөлөгчийн мэдээлснээр хэт даврагч хоёр этгээд зоогийн газраар дамжин зочид буудалд нэвтрэхийг завдах үедээ тэнд байсан хүмүүсийг хүйтэн зэвсгээр сүрдүүлж, улмаар гурван европ жуулчинд мэсний хөнгөн шарх учруулжээ. Зочид буудлыг хамгаалж байсан цагдаа нар нэг этгээдийг нь буудаж хороосон бол хоёр дахь нь шархдаж баривчлагдсан байна. Энэ халдлагын улмаас хүний амь эрсдээгүй, харин нэг швед болон Австриас ирсэн гэр бүлийн хос, нийт гурван хүн шархаджээ.

Хэрэг гарсан даруйд олон нийтийн сүлжээгээр “Алан хядах ажиллагаа боллоо”, ““Исламын Улс” бүлэглэлийн амиа золиослогчид байсан” гэх мэт цуурхал дэгдсэн боловч Египетийн Дотоод хэргийн яам хожим няцаасан юм. Хэрэг явдал нэлээд намжсаны хойно Египетийн аялал жуулчлалын сайд Хишам Заазу уг халдлагыг ердийн дээрмийн оролдлого байсан тухай мэдээлжээ. Ядуурал, ажилгүйдэл маш ихтэй, гэмт хэргийн түвшин өндөртэй Египет улсад энэ мэт хэрэг цөөнгүй гардаг байна. Хэргийг Улаан тэнгис мужийн прокурорын газарт мөрдөн шалгаж эхэлсэн байна.

Ямар ч зорилго сэдэлтэй байсан бай энэ хэрэг, эрх баригчид нь хэзээ хэзээнийхээсээ ч илүү анхаарал хандуулж байгаа гэж мэдэгдэж байгаа Египетийн амралт сувиллын газруудад аюулгүй байдал улам бүр шалдаа унаж байгаагийн нотолгоо боллоо гэж ажиглагчид дүгнэж байна.

Нийтэлсэн: Л.Пүрэвдолгор

Египет улсад жуулчдын эсрэг зэвсэгт халдлага гарчээ   
Үзсэн: 1604 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй