Шууд Chart

Япон АНУ-аас газрын тос импортлож эхлэв

2016-01-19 14:33:50

Япон улс бараг 40 жил завсарласны эцэст АНУ-аас дахин газрын тос авч эхэллээ. Өнгөрсөн оны 12 дугаар сард Вашингтон хилийн чинадад газрын тос нийлүүлэхэд тавьсан хязгаарлалтаа цуцласнаар ийм боломж нээгдсэн байна. Японы нефтийн худалдаа эрхлэгч томоохон компани “Космо энержи холдингс” 300 мянга орчим тонн Техасын газрын тос, түүний дотор шатдаг занарын газрын тос худалдан авсан талаар Токиогийн хэвлэлүүд өнөөдөр мэдээлэв. Тус компани худалдаж авсан газрын тосныхоо ихэнх хувийг дахин боловсруулж шатахуун болгон ашиглахаар төлөвлөж буй юм байна. Япон улс Ойрхи Дорнодын газрын тос нийлүүлэлтээс хэт хамааралтай байдлаа бууруулж, импортоо олон эх үүсвэртэй болгох үүднээс Америкаас худалдан авах газрын тосны хэмжээгээ нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа өнгөрсөн оны 12 дугаар сард илэрхийлж байсан юм. Өнөөдрийн байдлаар Японд газрын тос нийлүүлдэг орнуудыг Саудын Араб тэргүүлж байгаа. Тус улс Японы худалдан авдаг нийт газрын тосны 34 орчим хувийг дангаар нийлүүлдэг байна. Ойрхи Дорнодын орнууд нийтдээ энэ нийлүүлэлтийн 80 орчим хувийг бүрдүүлдэг. Харин манай хойд хөршөөс Япон улс газрын тосны нийт хэрэглээнийхээ 8 орчим хувийг авдаг байна. Эрчим хүч хэмнэх илүү үр өгөөжтэй технологиуд нэвтрүүлсний дүнд 2000-аад оны эхнээс хойш Японд газрын тосны хэрэглээ 20 гаруй хувиар буурсан байдаг юм. Гэсэн хэдий ч тус улс “Хар алт”-ны худалдан авдаг нийт хэмжээгээрээ 2014 оны байдлаар АНУ, Хятадын дараа буюу дэлхийд гуравдугаарт жагссан хэвээр байжээ. Япон улс өдөрт 4.3 сая баррель нефть хэрэглэдэг юм.

 

Нийтэлсэн: Л.Пүрэвдолгор

Япон АНУ-аас газрын тос импортлож эхлэв   
Үзсэн: 1202 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.24.xxx [122.201.24.xxx] 2016-01-19 17:03
shoovdor

Бидэнтэй нэгдээрэй