Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай тэмцэх хэлтсээс Малайз, БНСУ, БНХАУ-ын Эрээн, Хөх хот, Бээжин, Ганц мод, Цагаан хад зэрэг газар руу Монгол Улсын иргэдийг худалдаалсан болон дотоод дахь саун, массажийн газрууд, Саппоро, Хөдөө аж ахуй, Улаанбаатар зочид буудлын орчимд бусдын эрхшээлд орж, бэлгийн мөлжлөгт өртсөн 88 хохирогчтой 31 холбогдогчтой 30 хэрэг, үйлдлийг илрүүлж, сэжигтэй 26 обьект, гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцсон найман бүлгийн сүлжээг илрүүлж ажиллаж байна.
Иргэн З, Д, Б, О, А, Г, Б нарын бүлгүүд нь үйлдэл, аргаараа өөр боловч насанд хүрээгүй дөрвөн иргэнийг түрээсийн байранд байрлуулж, удаа дараа зодож, гэмтэл учруулж, дарамтанд байлган, Улаанбаатар хотын нэр бүхий гурван обьектод бусдад зарж биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж байсныг тогтоон хохирогчдыг хамгаалалтандаа авчээ.
Мөн Б, С, Э, П, А, Л, А, А, Д зэрэг 31 этгээд Баянгол дүүргийн 1, 4, 45, 14, 17-р хороодын нутаг дэвсгэрт найман обьектод гулгаа массаж, үсчин, маникюр гэх халхавчаар бусдыг биеэ үнэлэхэд татан оролцуулж, Фижи арал улсын хоёр иргэнийг англи хэлний багшаар ажиллуулахаар авчирч хөдөлмөрийн мөлжлөгт оруулсан нь тогтоогдсон байна.
Үүгээр зогсохгүй Малайз улсын Куала Лумпур хот, БНХАУ-ын Эрээн, Ганц мод, Сэхэ гэх газар руу хил давуулан бусдыг худалдаж бэлгийн мөлжлөгт оруулсан, 9911, 8811 зэрэг дараа төлбөрт дугаарууд руу бие үнэлэх агуулга бүхий мессеж илгээн, харилцаа тогтоож бусдыг далайлган сүрдүүлж, удаа дараа бусдаас мөнгө залилсан зэрэг эрүүгийн 15 тоот хэргүүдийг илрүүлэн Эрүүгийн цагдаагийн газар болон дүүргийн цагдаагийн хэлтсүүдийн мөрдөн байцаах тасагт шалгаж байна.
Хүн худалдаалдаг найман бүлгийг илрүүлжээ | ||
Үзсэн: 634 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.