Шууд Chart

Хятад улс Египетийн төв банкийг 1 тэрбум ам.доллараар санхүүжүүлнэ

2016-01-22 12:35:25

БНХАУ-ын дарга Си Зиньпиний Египет улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө. Газрын тосны нөөц ихтэй Ойрхи Дорнодын орнуудад хийж байгаа Си Зиньпиний энэхүү айлчлалыг тухайн бүс нутагт Хятадын хүч нөлөөг нэмэгдүүлэх зорилготой гэж ажиглагчид дүгнэж байгаа юм.

Хятадын дарга Египетийн Засгийн газар улс төрийн тогтвортой байдлаа хадгалах, эдийн засаг, ард иргэдийнхээ амьжиргааг сайжруулахад тавьж байгаа хүч чармайлтыг өндөр үнэлж байгаагаа илэрхийлжээ. Си Зиньпиний айлчлалын үеэр Хятад, Египет хоёр улс төр, эдийн засгийн харилцаагаа ойртон нягтруулж байгаагаа бататган харуулж, 21 гэрээ хэлэлцээр байгуулжээ. Эдгээрийн дотор хөгжлийн болон дэд бүтцийн хөрөнгө оруулалтын гэрээ багтаж байна. Тодруулбал, Египет улсын засаг захиргааг нүүлгэх шинэ нийслэлийг бүтээн байгуулах ажлыг эхлүүлэх тухай, мөн Египетийн төв банкийг нэг тэрбум америк доллараар санхүүжүүлэх болон төрийн мэдлийн Египетийн үндэсний банкинд 700 сая америк долларын зээл олгох асуудлаар гэрээ хэлэлцээр байгуулагджээ.

Үүнээс гадна Си Зиньпин Каирт төвтэй Арабын холбоонд хандан үг хэлэх үеэрээ Ойрхи Дорнодын бүс нутагт олон тэрбум америк долларын хөрөнгө оруулах төлөвлөгөөгөө танилцууллаа. Түүний хэлснээр Хятад улс тус бүс нутаг дахь үйлдвэрлэлийн салбарт дэмжлэг үзүүлэхийн тулд 15 тэрбум америк доллар, мөн эрчим хүчний хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд 10 тэрбум америк долларын зээл олгох юм байна. Үүн дээр нэмээд тус бүс нутгийн улс орнуудад 10 тэрбум америк долларын зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгоно гэдгийг Си Зиньпин мэдэгдлээ.

Мөн Арабын Нэгдсэн Эмират, Катар зэрэг улсын эрчим хүчний салбарт 20 тэрбум америк долларын хөрөнгө оруулж, тус бүс нутгаас газрын тос худалдан авах гэрээгээ сунган, цагдаагийн албан хаагчдыг чадавхжуулахад 300 сая америк доллар зарцуулахаар Хятадын дарга амласан байна. Энэ мягмар гарагт Саудын Арабаас эхэлсэн Си Зиньпиний Ойрхи Дорнод дахь айлчлал түүнийг Иран улсад айлчилсны дараа дуусгавар болох юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Хятад улс Египетийн төв банкийг 1 тэрбум ам.доллараар санхүүжүүлнэ  
Үзсэн: 974 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй